sonin.mn

Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс сайд-гишүүдэд хуулиа мөрдөхийг сануулсан албан бичгийг хоёр дахь удаагаа хүргүүлээд байна. Мөн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын нэр бүхий 17 сайдыг санал хураалтад оролцуулалгүй, УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил гаргуулахгүй байх нь хурал даргалагч УИХ-ын даргын хуулиар хүлээсэн үүрэг гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Дээрх хуулийн төслөөр нэр бүхий 17 гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг хязгаарлаж, ялангуяа хуулийг тэдэнд хамааралгүйгээр 2016 онд хэрэгжүүлэх үү, эсхүл 2014 оноос буюу батлагдсан даруйд хэрэгжүүлэх үү гэсэн асуудлыг шийдвэрлэж байгаа нь тэдний ашиг сонирхолтой шууд холбоотой юм.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу УИХ-ын дарга З.Энхболд Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр чуулганы хуралдаанд оролцуулалгүйгээр асуудлыг шийдэж байсан жишиг бий.

Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 7 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг уг албан тоотод онцолжээ.

Түүнчлэн хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж ажиллаваас УИХ-ын даргад хариуцлага хүлээлгэж ажиллахаа ч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн үед энэ хуулийн төслийг өргөн барихдаа одоогийн Засгийн газрыг ажлаа сайн хийж, ард иргэдийн амьдралыг сайжруулна гэж үзсэн байх. Гэтэл төрийн алба төрлийн алба боллоо, эдийн засаг хямарлаа.

Ухаалаг төрийг чадвартай хүмүүсээр удирдуулж, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарын ачааг хөнгөлөх шаардлагатай байна. Ерөнхийлөгч хуулийг ердийн журмаар буюу 2014 оноос хэрэгжүүлэхээс татгалзахгүй байх аа" гэж хэллээ.

Үүний дараа хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Бид цаг үеийн бүтээгдэхүүн гэдгээ сайн мэдрэх ёстой. Улс төр бол цаг үеэ дагах учиртай. Нийгэм, ард түмэн сайд, гишүүний албыг салга гэсэн шаардлага тавьж байна. Буруу зүйлээ дахиад хоёр жилээр хойшлуулж хэрэгжүүлэх гэж зүтгэх нь логикийн хувьд ойлгогдохгүй байна.

Бид 2014 оны долдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлье, энэ хүртэл бүх асуудлаа эмхэл гэсэн хугацааг эрх баригчдад өгч байгаа. Хууль, улс төр, практик талаасаа энэ асуудлыг шийдэх цаг болсон. Албан тушаалыг давхардуулах нь эрх мэдлийн хуваарилалтын хувьд буруу жишиг болохыг амьдрал харууллаа" гэв.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Монголын нийгэмд бий болсон засаглалын хямралыг засч залруулах асуудлыг 65 хоногийн завсарлага авсан АН хүлээн авч шийднэ гэдэгт найдаж байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан. УИХ Засгийн газрынхаа үйл ажиллагааг хянаж чадахаа больсон энэ байдлыг таслан зогсоох цаг болсон.

УИХ-ын дарга 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй байх ёстой. УИХ-ын дарга АН-ынханд ээлтэй хандаад Ардын намынханд хойд эх шиг хандахгүй байх гэж найдаж байна. 17 сайдаа санал хураалтад оролцуулахгүй байх нь нийгмийн захиалга.

Улс орны эдийн засаг муудаж, ард түмний амьдрал доройтож байгаагийн хамгийн гол шалтгаан нь хариуцлагагүйн зуд нүүрлэсэнтэй холбоотой. Боловсон хүчний бодлогод гарсан монгол төрийн алдаа завхралыг засахад энэ хууль бодитой хариу өгнө гэж үзэж байна. АН ардчиллын үнэт зүйлээсээ өөрсдөө ухарч байгаа.

АН хүч түрж асуудлыг шийдэх үү, нийгмээ сонсож зөвшилцөж ойлголцож асуудлыг шийдэх үү, улс төрийн соёлд хэр суралцсан бэ гэдгийг Монголын ард түмэн маргааш харна. Хэрэв олонхи хүч түрж асуудлыг шийдвэл манай намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавихад бэлэн байгаа" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт алдаа байсныг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч, алдаагаа засахын төлөө санал нэгдэж байгаа. Тэгсэн мөртлөө хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах нь утгагүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн алдаагаа засах шаардлагатай.

Эрх мэдлийн хуваарилалтын гажуудал парламентат ёсонд их уршиг тарьж байна. УИХ, Засгийн газар байр байрандаа байж чадахгүй байгаагаас 20 гаруй жилийн түүхтэй манай парламентат ёсны үнэт зүйл үнэгүйдэж байна" гэв.

Хэрвээ Засгийн газар огцорвол хамтарч байгуулах Засгийн газарт МАН-ыг уривал орох уу гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Бид хамтарсан засагт орохгүй. Эрх баригчид олонхиороо засгаа бүрдүүлээд явах нь тэдний мэдлийн асуудал" гэж хариуллаа.