sonin.mn

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочныг Чингисийн талбайд угтан авна. Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн айлчлалын үеэрээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзана.

Монгол, Мьянмарын хооронд 1956 оны 9 дүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2013 оны 11 дүгээр сарын 18–21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгчид албан ёсны хэлэлцээ хийж, Хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бататгах үүднээс дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.