sonin.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-ны өдөр Москва хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтанд хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд  Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэв.

Уулзалтын үеэр  Улаанбаатар хотноо болсон өмнөх зөвлөлдөх уулзалтаар ярилцсан асуудлуудын хэрэгжилтийн явц, түүнээс хойш хийсэн ажлууд, яам хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар санал солилцож, ойрын үед хийх ёстой тулгамдсан асуудлуудын талаар авч хэлэлцлээ.

Мөн уулзалтын үеэр өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг зохион байгуулах, Халх голын хамтын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэх, Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссийн дараачийн хуралдаан, Бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссийн ээлжит хуралдааны зохион байгуулалтай холбогдсон асуудлууд болон хоёр улсын олон улсын хийгээд бүс нутгийн хэмжээн дэх хамтын ажиллагаатай холбогдсон өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож ярилцав.           

Зөвлөлдөх уулзалтанд  монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Зөвлөх А.Батсайхан, оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Азийн 1-р газрын захирал А.Б.Кулик, монголын хэлтсийн дарга Р.И.Журавлев, ерөнхий зөвлөх Р.Р.Ракшаев нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.