sonin.mn

Монгол-Казахстаны тээврийн салбарт хамтарч ажиллах асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн уулзалт энэ сарын 7-8-нд Астана хотноо болов.

Энэ удаагийн ажлын хэсгийн уулзалтыг Монголын талаас Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Казахстаны талаас Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектусов нар  тэргүүлж хоёр орны агаарын болон автотээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

Ажлын хэсгийн уулзалтын хүрээнд дэд сайд Х.Ержан Казахстаны Тээвэр, харилцаа холбооны сайд Женис М.Касымбектэй уулзаж хоёр орны зам, тээврийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Женис М.Касымбек Казахстан Улс Монгол Улстай зам, тээврийн салбарт  бүхий л чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхийг 5 дугаар сард Астана хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй олон улсын транзит тээврийн асуудлаар болох  бага хуралд урьсанаа нотлов.

Дэд сайд Х.Ержан Монгол Улсын мэргэжилтнүүдийн хэсгийг Казахстан Улсад явуулж тээврийн салбарын үйлдвэр, аж ахуйн газар, түүний дотор локомотовын үйлдвэртэй танилцуулах, Казахстан-Хятадын хилийн дамжин өнгөрүүлэх Хоргос, Достук зэрэг боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулж туршлага судлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Казахстаны тал дурдсан ажлын хэсгийг хүлээн авч Монголын талын хүсэлт болгож буй зүйлүүдтэй танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Ажлын хэсгийн уулзалтын хүрээнд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид Казахстаны локомотовын үйлдвэртэй танилцаж, хамтарч ажиллах боломжийн  талаар мөн санал солилцов.

Агаарын тээврийн харилцааны хувьд хоёр тал зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцааг сэргээх асуудлаар санал нэгдэж, хоёр улсын агаарын тээврийн  харилцааны тухай 1992 оны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Санамж бичгийн төсөл тохирч үзэглэсэн бөгөөд талууд дотоод хууль эрх зүйн процедурын дагуу эцэслэж  гарын үсэг зурахаар тохиров. Мөн хоёр талын эрх бүхий байгууллагууд  нислэгийн маршрут, тус тусын нислэг үйлдэх авиакомпаниудаа томилж харилцан  мэдэгдэхээр тогтов.

Автотээврийн харилцааны хувьд хоёр тал зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах асуудлаар санал солилцож үйлчилгээний чанарыг сайжруулахаар тохиров. Талууд  хоёр орны хооронд үйлчилгээ явуулж буй автобусны чанарыг сайжруулах асуудлаар санал солилцож Казахстаны тал өөрийн талын автобусны чанарыг  Монгол Улсын мөрдөж буй стандартад нийцүүлэхээр тохирч холбогдох автобусны компаниа ойрын хугацаанд шалгаруулж Монголын  талд мэдэгдэхээр болов.

Монголын талын хувьд олон улсын зорчигч тээврийн стандартын шаардлагыг хангасан том оврын автобус явуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв. Хоёр талын шалгаруулсан автобусны үйлчилгээний компаниуд  зорчигч тээврийн маршрут болон бусад логистикийн асуудлуудаа  нарийвчлан тохирохоор боллоо гэж Астана дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлэв.