sonin.mn

Дүүргийн Засаг даргаар ахлуулсан баг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд малчдынхаа амьдрал ахуй, хаваржилт, мал төллөлттэй танилцлаа. Манай дүүрэг 600 гаруй малчин өрхтэй, 123,000 орчим малтай Нийслэлийн хамгийн олон малтай дүүрэг.

Иргэдийн багагүй хувь нь мал аж ахуй эрхэлдэг учраас малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол гээд бүхий л асуудал дүүргийн төр захиргааны байгууллагын анхаарлын төвд байх учиртай.

Тэр ч үүднээсээ малчдаа эргэж тэдний өмнө тулгамдаж байгаа зүйлүүдийг ярилцаж, бэлчээр худаг усны хангамж, ноос ноолуурын урамшуулал, малын урьдчилан сэргийлэх тарилгатай холбоотой асуудлуудын талаар дэлгэрэнгүй судалгаа авлаа.

Мөн эрүүл мэндийн тусламжийг газар дээр нь үзүүлэн, малын эмч нар үзлэг хийсэн бол ниймийн даатгалын хэлтсээс сайн дурын даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.

Дүүргийн хэмжээнд 600 гаруй мал бүхий иргэд байдгаас 300 орчим нь малчин өрх юм. Малчид хил залгаа сумдын нутагт өвөлжиж хаваржих нь элбэг байдгаас бэлчээрийн маргаан, хөөх туух асуудал ч гардаг байна.

Бэлчээрийн маргаантай асуудлаас шалтгаалан нэг өрхийн эхнэр нөхөр хоёр харъяалалын хувьд хоёр өөр байх нь ч элбэг байгаа бөгөөд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулах малчдын зөвлөгөөнд хил залгаа сумдын удирдлагуудыг оролцуулахаар болсон байна.

Малчдын хувьд цаг агаарын таарц, бэлчээрийн гарцын талаарх мэдээллүүд үнэн бодитой гардаг болсон нь ажлаа зохицуулахад ихээхэн нэмэр болж байгааг ч мөн хэлж байлаа.

Дүүргийнхээ малчин өрхүүдийг эргэж тойрох ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн улаан загалмайн хороо идэвхтэй оролцсоор ирсэн юм. Энэ удаа ч мөн оролцож ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Атга будаа” аяны хүрээнд цугларсан, хүүхдийн сэтгэл шингэсэн будаа болон бусад зүйлийг малчдад гардууллаа.

Малчдын хувьд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар ойлголт муутай байдаг. Тэгвэл нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, түүнд хамрагдахад тулгамдах асуудлуудын талаарх мэдээллийг малчдад өгч газар дээр нь мэдээлэл арга зүйгээр ханган ажиллав.

Үүний үр дүнд тэтгэвэрт гарах нас нь болсон 2 иргэний материалын иж бүрдэлд зөвлөгөө өгч, 4 малчныг сайн дпурын даатгалд хамруулахаар боллоо.

Малчдын хувьд дүүрэг орон нутгийн төр захиргааны байгууллагаас малчдиддаа анхаарлаа хандуулан эргэж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Дашрамд хэлэхэд дүүргийнхээ нийт малчдыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах малчдын зөвлөгөөндөө оролцож тодорхой асуудлуудын талаар мэдээлэл авч, шийдвэрлэх гарцад хамтдаа хүрэхийг урьж байна.