sonin.mn

Багануур дүүргийн хамгийн алслагдсан 2 дугаар хороонд 132 дугаар цэцэрлэгийн харъяа “Дэгдээхэй” бүлэг үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус бүлэг нь багтаамж багатайгаас шалтгаалан дунд болон ахлах бүлгийн сурагчид нэг дор хүмүүждэг байсан.

Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс цэцэрлэгийн удирдлага, дүүргийн Засаг даргын зүгээс анхаарал хандуулж “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан”-д санал тависнаар 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэн иж бүрэн тоноглолтой гэр, 4 био бие засах газар, гал тогооны хэрэгслийн хамт цэцэрлэгийн захиргаа, хүүхдүүдэд гардууллаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийн сурах хүмүүжих орчин нөхцлийг сайжруулахад байнга анхаарч ирсэн. Өнөөдөр өгсөн гэр дээр Засаг дарга нэг гэрийг нэмж шийдвэрлэснээр унтлага болон биеийн тамирын хичээл хийх боломжийг хангах юм.

Мөн 2014 онд дүүргийн 1 дүгээр хороонд 280 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулна” хэмээн хэлж байлаа. “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан”-гийн тэргүүн Ч.Отгонбаяр гэр гардуулах үйл ажиллагаанд оролцсон бөгөөд “Дүүргийн төр захиргаа, цэцэрлэг энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж бидэнтэй хамтран ажилласан.

Маш богинохон хугацаанд буюу саналыг хүлээж авснаас хойш сар хүрэхгүй хугацаанд бид ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ төлөө ойлголцож чадсан. Гэр цэцэрлэг байгуулах ажлыг аймгуудад хэрэгжүүлж байсан бол дүүрэгт хэрэгжүүлэх эхлэл болсон Багануурчууддаа баярлалаа” хэмээн хэлсэн юм.

Гэр гардуулах ёслолын ажиллагааны үеэр 132 дугаар цэцэрлэгийн авъяаслаг багачууд урлагийн тоглолтоо сонирхууллаа. Ийнхүү 132 дугаар цэцэрлэгийн харъяа “Дэгдээхэй” бүлэг үйл ажиллагаагаа өргөжүүлснээр дахин 20 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 2 ажлын байр шинээр бий боллоо.