sonin.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.15/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч нэг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулан, хоёр асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Хэлэлцэх асуудлын жагсаалтын хамгийн сүүлд байсан Авлигатай тэмцэх газрын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2676 албан тоотоор тавьсан Хариуцлага хүлээлгэх /Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт/ тухай асуудлыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан юм. Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт Үндсэн хуулийн цэц хариуцлага тооцох шийдвэр гаргасан юм байна. Энэ асуудлыг УИХ хэлэлцэх нь зүйд нийцэх үү. Үндсэн хууль зөрчсөн асуудал болох вий гэж санаа зовж байна. Хуульд заасан үндэслэлийг судалъя. Тиймээс асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья гэлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ энэ хүнтэй хариуцлага тооцох үндэслэл бий эсэхийг нягтлах хэрэгтэй гэсэн саналтай байлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, энэ асуудал Байнгын хорооны эрх хэмжээний асуудал биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Үндсэн хуулийн цэц арга хэмжээгээ авчихаад байхад бид батлах юм уу, өөр ямар нэг арга хэмжээ авах ёсгүй. Энэ бидний хэлэлцэх асуудал биш гэлээ.

Харин УИХ-ын дарга З.Энхболд, асуудлыг тодруулахын тулд хэлэлцэхийг хойшлуулж болно гэсэн саналтай байлаа. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх асуудлыг тодруулсны дараа хэлэлцье хэмээн санал нэгдсэн тул хэлэлцэхийг хойшлууллаа.

Үүний дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай/ анхны хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тогтоол хууль зөрчсөн гэсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан. Мөн Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно гэсэн заалт бий. Эдгээр заалтыг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Ингэвэл Үндсэн хуульд харшилна гэж үзэж байна гэлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх тодорхой эрх, процессоор асуудлыг шийдэж байгаа. Шийдвэрт гомдолтой бол Улсын дээд шүүх мөн тодорхой эрх, процессоор асуудлыг авч хэлэлцдэг. Харин Улсын дээд шүүхэд дахиад нэг түвшин байх учиргүй гэж тайлбарлаж байлаа. Тэрбээр Улсын дээд шүүхэд онолын маргаан гарахаас, хэргийн маргаан гарах ёсгүй хэмээсэн. Гишүүн болон хууль санаачлагч өөрийн байр сууриа илэрхийлэн нэлээд мэтгэлцсэн бөгөөд энэ асуудлаар нухацтай ярилцахаар ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо.



УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дээр дурдсан заалтуудыг хүчингүй болгохоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгасныг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хохирлыг барагдуулах ямар хэлбэрийг сонгосон, хохирлыг 100 хувь барагдуулах боломж бий эсэхийг лавлаж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, Төсвийн мөнгөөр хохирлыг барагдуулахгүй гэж гэсэн байр суурьтай байгаа юм байна. Өмнө нь хадгаламж, зээлийн хоршооны хохирлын 50 хувийг төрөөс барагдуулаад хураагдсан эд зүйл, ХЗХ-дын өмчлөлийн зүйлсийг борлуулан тэрхүү мөнгийг буцаан төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ удаад тэрхүү буцаан төвлөрүүлэх мөнгийг хохирогчдын хохирлыг барагдуулахад зарцуулахаар шийдсэн юм байна. ХЗХ-дын хохирлыг бүрэн барагдуулах мөнгө цуглаагүй ч тодорхой хэмжээний хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа юм байна. Төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас зарим үнэ хүрэхгүй обьект, эд зүйлийг хэт өндрөөр, өндөр үнэтэй зүйлсийг хямдаар үнэлэн борлуулсанаас ийм байдалд хүрсэн гэдгийг Хууль зүйн сайд тодотгож байлаа. Гэхдээ хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа хэмээн нэмж хэлсэн. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хохирол барагдуулах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан ажиллуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.



Хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол байгаагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж хуралдаанд оролцогчдын олонх үзэн нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр төлөвлөсөн байсан ч хуулийн төслийн талаар судлах хэрэгтэй байна гэсэн шалтгаанаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Мөн Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байсан ч газар чөлөөлөх, албадан нүүлгэхтэй холбоотой асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг мөн завсарлага авсан юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, энэ асуудлыг бүлэг тус бүр ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.