sonin.mn

Өмнөговь аймгийн хэмжээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр, хоногоор өссөөр байгаад иргэд бухимдаж сууна. Энэхүү хэмжээ хязгааргүй өсөж байгаа үнэ ханшид ямар нэгэн хяналт үгүй бололтой. Иргэд хоолныхоо махыг авч идэж чадахгүйд хүрээд байна.

Ер нь аймгийн хэмжээнд иргэдийн амьжиргааны түвшин хоёр тийшээ алсарсаар... Нэг хэсэг нь юунд ч санаа зовохооргүй баян болж хөлжсөн. харин иргэдийн дийлэнх хувь нь цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн дунд тарчигхан амьдрах боллоо. Үүнд төр засгаас ямар нэг зохицуулалт, анхаарал одоогоор алга.

2014 оны 5 сарын 14-ны өдрийн байдлаар Баруун сайхан, Зүүн сайхан, Хан-уул худалдааны төвд байрлалтай мах, ногооны захын ханшаар хонины 1 кг мах 8000, ямааны мах 7600, адууны мах 7500 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6-8.6 хувиар өсчээ.

Мөн малын шингэн сүү литр нь 3000 төгрөг, цагаан будаа 1 кг нь 2200, элсэн чихэр 1933.3, алтан тариа 1-р гурил 1000 төгрөгөөр худалдаалж байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад цагаан будааны үнэ 26.9 хувиар, элсэн чихрийн үнэ 9.4 хувиар, алтан тариан  гурил 11.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгааг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.

Долоо хоногт тутамд гаргаж буй энэхүү үнийн үзүүлэлтээс харахад “ямх ямхаар” өсөж иргэдийн худалдан авах чадвар доройтож байгаад ямар арга хэмжээ авах гэж байна даа дарга нар аа.  

Ж.Сайнжаргал

Эх сурвалж: "Монгол говь" сонин