sonin.mn

Монголбанкнаас гадаад орны төв банкуудтай байгуулж буй своп хэлцлийн талаар Валют, эдийн засгийн газрын хэлтсийн захирал Ж.Батаатай уулзаж ярилцлаа.

-Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк аль аль орны төв банкуудтай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл байгуулахаар ажиллаж байна вэ?

-Монголбанкнаас гадаад худалдааны томоохон түнш орнууд болох Солонгос, Оросын Холбооны Улсын төв банкуудад хандан своп хэлцэл байгуулах тухай хүсэлтээ илэрхийлээд  байна.

Солонгосын төв банк манай хүсэлтийг хүлээж аван судалж байгаа бол Оросын төв банктай хийх свопын тухайд энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Монголбанк Хятадын төв банктай анх своп хэлцэл байгуулж байсан.

-Одоо ямар шатанд явж байгаа вэ?

-2011 онд Монголбанк, Хятадын Ардын банк хооронд “ Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-г 3 жилийн хугацаатайгаар байгуулж байсан. Тус своп хэлцлийн ачаар 2 орны худалдаа, хөрөнгө оруулалт нилээдгүй өсөлт үзүүлж, гадаад худалдаа нэг валютаас шууд хамаардаг байдал буурсан. Энэ онд тус гэрээ дуусгавар болсон тул 5 дугаар сард хэлцлийн хугацааг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан.

-Свопыг сунгах нь ямар ачхолбогдолтой вэ ?

-Своп хэлцлийн хугацааг сунгаснаар валютын дотоодын захад тогтворгүй байдал үүссэн тохиолдолд юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Мөн түүнчлэн, Монголбанкнаас Хятадын талтай хамтран хэлцлийн нийт хэмжээг 20 тэрбум юань хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Хятадын талаас Монгол Улсад хийх Төрийн өндөр дээд айлчлалын үеэр хэмжээг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байна. Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлснээр бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал хөшүүрэг болох нь дамжиггүй.

-Монголбанк гадны төв банкуудаас өөр байгууллагатай своп хэлцэл байгуулдаг уу ?

-Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас своп хэлцэл байгуулах тухай хүсэлтийг Монголбанкинд тавиад байгаа. Эхний ээлжинд 100 сая ам.долларын своп хэлцэл байгуулах хүсэлтийг нь хүлээн авч, нөхцөлүүдийг эцэслэн тохирохоор ажиллаж байна.

 

Эх сурвалж: "mongolbank.mn"