sonin.mn

СӨҮЛ. /Joongang/. ОХУ, Хятад хийн нийлүүлэлтийн төлбөр тооцоог АНУ-ын доллароор хийхгүй байхаар тохиролцжээ.

Ази, Номхон далайн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНСУ-д ирсэн ОХУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн Нефть, байгалийн хийн судалгааны төвийн дарга Татьяна Митрова ярилцлага өгсөн юм.

ОХУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн нь тус улсын эрчим хүчний гадаад бодлого тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Татьяна Метроваг Оросын эрчим хүчний салбарын “тархи” ч гэж нэрлэдэг байна.

“В.Путин, Си Зиньпин нар энэ оны тавдугаар сарын 21-нд хоёр улсын хийн хэлэлцээрийг байгуулах үеэр хийн төлбөрийг доллароор хийхгүй байх асуудлаар хэлэлцсэн аж. ОХУ-ын үйлдвэрлэлийн салбар дахь эрчим хүчний экспорт маш том хувь эзлэх бөгөөд Украины нөхцөл байдлаас хойш АНУ, Европын хориг арга хэмжээний дор ОХУ-ын хийн экспортын байдал таагүй болсон.

ОХУ Хятад улсад нийлүүлэх хийн төлбөрийг рубль, юаниар хийх болсон нь Хятад улсынх хүсэлтийг ОХУ хүлээн авсан хэрэг юм. Хоёр улс 400 тэрбум долларын хийн нийлүүлэлтээс гадна, 350 тэрбум долларын түүхий нефтийн төлбөрийг рубль, юаниар хийхээр шийдсэн” гэж Т.Метрова хэлсэн байна.

Олон улсын эрчим хүчний худалдаанд доллароос бусад валютыг ашиглах тохиолдол маш ховор байдаг аж. 1974 онд АНУ Нефть экспортлогч орнуудын байгууллагатай (OPEC) гэрээ хийсний дагуу тус байгууллагын гишүүн орнууд түүхий нефтийн худалдааг доллароор хийх болсон юм.

Үүнээс хойш дэлхий даяар аж үйлдвэрлэл хөгжихийн хирээр нефтийн хэрэглээ өсөж түүний даган долларын хэрэглээ ч мөн нэмэгдсэн байна.

“Бреттон-Вудсын санхүүгийн тогтолцооны (Bretton Woods system) үед алтны үнэ цэнээр баталгаажиж байсан доллар АНУ, ОРЕС-ын гэрээ байгуулагдсаны дараагаас нефтиэр баталгаажих болж, улмаар дэлхийн гол валют болох үндэс сууриа баттай тавьсан.

ОХУ, Хятад улсын энэ удаагийн тохиролцоо нь доллартой өрсөлдөх зорилгын эхлэл болж байна” гэж Хятадын Эдийн засаг санхүүгийн судалгааны хүрээлэнгийн захирал Чон Бёнсо дүгнэж байна.

Долларыг хассан тохиролцоо нь юанийг олон улсын хэрэглээний валют болгох гэсэн Хятадын санхүүгийн бодлогын хүрээнд хийгдсэн гэж Олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Чон Бёнсо хэлэхдээ, “Өнөөдөр юань дэлхийн валютын эргэлтийн хоёр хувь хэмээх багахан хэсгийг бүрдүүлж байна.

Харин Хятад улс үүнийг 30 хувь болтол өсгөж доллар, евро, юанийн харьцааг 4:3:3 болгохоор төлөвлөж байгаа. Тиймээс Хятад улс асар их хэмжээний эрчим хүчний импортын төлбөр тооцоог юаниар хийж юанийн хэрэглээний хүрээг тэлэхээс өөр арга байхгүй гэж тайлбарлав.

Өнгөрсөн жил олон улсад дөрвөн их наяд 630 тэрбум юанийн (750 тэрбум доллар) худалдаа хийгдсэн нь өмнөх жилээс даруй 57 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин энэ удаад ОХУ, Хятадын тохиролцооны дагуу 760 тэрбум долларын худалдааг юаниар хийх болоод байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн санхүүгийн мэргэжилтэн хэлж буйгаар, долларыг тооцооны хэрэгслээс хасвал АНУ-ын долларын урсгалаар бусад улсын улс төр, аж үйлдвэрийн нөхцөл байдлыг хянадаг байдалд саатах эрсдэлтэй нүүр тулж болох юм. Түүнчлэн ОХУ, Хятадын эрчим хүч байгалийн баялгийн худалдаа цаашид цар хүрээгээ тэлж стратегийн түншлэлийн гэрээ болж өргөжих нь тодорхой.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг