sonin.mn

БЭЭЖИН. /Reuters/. Ирэх долоо хоногт Бразилын зүүн хойд нутгийн Форталеза хотод болох БРИКС-ийн улсуудын хоёр хоногийн дээд хэмжээний уулзалтад Хятад улсын дарга Си Зиньпин оролцоно. Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн удирдагч нарын энэ уулзалтад Сиг оролцоно гэж Хятад улсын ГХЯ мэдэгдлээ.

Уулзалтын үеэр БРИКС-ийн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг голлон хэлэлцэх аж. Хөгжиж буй эдгээр улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих банк байгуулахаар холбогдох улсуудын удирдагч нар өнгөрсөн онд зөвшилцсөн билээ. Энэ удаагийн уулзалтын үеэр тэд энэ банканд оруулах хувь хандивыг хэлэлцэнэ.

Мөн олон улсын аюулгүй байдал, тухайлбал, Сири болон Украины байдлыг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтын үеэр, хоёр талын харилцаагаа бэхжүүлэх арга замуудыг хэлэлцэхээр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой  Си уулзахаар төлөвлөжээ.

Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бразилын Ерөнхийлөгч Дильма Руссефф нартай тусгайлан уулзах аж. Дээд хэмжээний уулзалтын дараа Хятад улсын дарга худалдаа болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Аргентин, Венесуэл, Кубад айлчилна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг