sonin.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.07.08/  “Агаарын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй гэр хорооллын айл өрхийн тоо буурахгүй, жилд 5 орчим хувиар өсч, ялангуяа цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээнд хамрагдах өрхийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь цахилгаан эрчим хүчний ачаалалыг огцом өсгөж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй аливаа ажлын үр дүнд нөлөөлж байгаа нь хуульд өөрчлөлт оруулах үндсэн шалтгаан болж байгааг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд  М.Сономпил хэлэв.

“Агаарын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд урамшууллын механизм, урамшуулал олгох хувь хэмжээг энэхүү хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтад шууд тусгаж өгсөн байна.



Энэхүү хууль батлагдсанаар цахилгаан халаагуур хэрэглэж урамшуулалд хамрагдаж байгаа өрхөд урамшуулал үзүүлэх хугацааг 18 цагаас 09 цаг байсныг өөрчлөн 22 цагаас 06 цаг болгон богиносгох эрх зүйн боломж бүрдэж, эрчим хүчний системийн оргил ачаалалд нөлөөлөх нөлөөлийг 5%-10% бууруулж,  импортын цахилгаан эрчим хүчийг багасгах юм.

Ийнхүү хөнгөлөлт эдлэх нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулсанаар эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хэмнэлтийг дэмжих ба улсын төсвөөс халамжийн хэлбэрээр гаргаж буй хөнгөлөлт багасах, эрчим хүчний салбарын санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлнө гэж хууль санаачлагч тайлбарлалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.