sonin.mn

“Хаан жимс” амралтын газрын талаарх мэдээ эцэстээ MBR ус цэвэршүүлэгчийн оновчтой сурталчилгаа болж байна. Төхөөрөмжийг нийлүүлж, ажиллагааг нь хариуцдаг “Мон-Тунгли” компанийн захирал Т.Түвшинжаргалын “Солонгосын хамгийн сүүлийн үеийн технологи, хүний үс багтахгүй нарийн шүүлтүүртэй” тухай ярилцлага болон бохир усыг 99,1%-иар цэвэршүүлдэг талаарх Ус сувгийн газар, Мэргэжлийн хяналтын лабораторийн дүгнэлт зэрэг баримт мэдээлэл үнэгүй сурталчилгаа болж хувирлаа.

Ерөнхий сайдын хувь оролцоотой амралтын газар, байгаль орчин, шинэ технологийн дэвшил зэрэг нь уншигч, үзэгчдийн анхаарлыг мэдээж илүүтэй татаж эхэллээ.
Ийм сайн төхөөрөмж суурилуулсан, Ерөнхий сайд Н.Алтанхуягт ч “Гүйгээд ирэхийн гүзээ байна уу” гэдэг шиг юм болж, аливаад нямбай, ажилсаг, гол усаа  боддог хүн гэдгээ харуулах нэг  боломж болчих гээд байна.

Бусад амралтын газар, жуулчны бааз MBR-ыг авч ашиглавал гол горхи бохирдохгүй юм байна гэдэг үлгэр жишээ болж, сонирхсон аж ахуйн нэгжийн тоо өсчээ.  Улс төрийн хар мэдээ Ерөнхий сайдыг энэ мэтээр байнга онилж, ар гэр, хувийн амьдралынх нь хил хязгаарыг давж байгаагийн нэг нь сүүлдээ эерэг болж хувирсан “Хаан жимс”, тэнд ашиглаж байгаа ус цэвэрлэгчийн тухай шуугиан юм.

Солонгосчууд MBR-ыг ашиглан цэвэрлэсэн усаа Хан мөрөнд цутгадаг, яагаад гэвэл дөрвөн давхар үе шаттай, “Хаан жимс” энэ шуугиан дэгдэхээс өмнө байгаль орчны үнэлгээгээ хийлгэжээ, ус нь үнэргүй, тунгалаг байлаа гэх  зэрэг мэдээлэл энэ төхөөрөмж, амралтын газар, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг муулах гээд магтаж орхисон мэдээлэл сурталчилгаа болж хувирлаа.