sonin.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 8-нд болж хуралдаанаар нийслэлийн бондын журмыг хэлэлцэн баталлаа.  НЗДТГ, Дэлхийн банктай хамтран бонд гаргах асуудлаар хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийж, судалгаа явуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн бондын журмын талаар танилцуулахдаа, “Журмын төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээс гадна, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Банк зэрэг холбогдох байгууллагуудаас санал  аван тусгасан.

Бид төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлаа бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө босгох зайлшгүй шаардлагатай байгаа.  Тиймээс бид олон улсын зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчноо бэлдэж, тусгайлсан журам боловсруулж батлуулахаар өргөн барьж байна”  гэж онцоллоо.

Монгол Улсын хууль, дүрэм журамд  нийслэл хотын олон улсын зах зээлээс зээлэх чад­варт хязгаар тавьсан буюу өрийн мөнгөн тэмдэгтийн талаар тодорхойлж өгсөн заалт байдаггүй ч авах зээлийн нийт хэмжээнд хязгаар тогтоосон байдаг байна.

Тодруулбал, өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь ор­логын дүнгээс болон төлөх өрийн үйл­чилгээний нийт хэмжээ нь өм­нөх жилийн төсвийн суурь ор­логын 15 хувиас хэтэрч болохгүй гэсэн тодорхой заалт байдаг юм байна.

Төс­вийн тогтвортой байдлын хуульд “улсын өр” гэдэгт дотоод, га­даад зээл болон Засгийн га­зар, орон нутгийн захиргаа түү­ний дотор төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэг­жийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийг оруулсныг тодорхой зааж өгсөн байна.

Тэгэхээр  улсын нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй.  Энэ жишгээр тооцвол Дэлхийн банкнаас гаргасан 2012 оны судалгаагаар  нийслэл хот 347 тэрбум төргөгийн бонд гаргах боломжтой гэж үзсэн байна.  Хэрэв хотын төсөв, шууд орлого нэмэгдвэл үүнээс илүү хөрөнгийг босгох боломжтой юм.

Бонд нь хүү өндөртэй, төлөх хугацаа богино байдаг учраас бондын хөрөнгийг найлахын аж үйлдвэрийн парк, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, хуучин орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах гэх мэт хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төслүүдэд зарцуулахаар журамд тусгажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.