sonin.mn

Босоо хийморьтой Монгол зон олны маань эртнээс нааш эрхэмлэн дээдлэж, хүндэтгэн биширч ирсэн Монгол бөх буурал түүхийн нугачаанд сэгсрэгдэлгүйгээр энэ зуунтай золгоод байгаа билээ. Аливаа бүхэн уг үндэстэй байдгийн адил Монгол бөхийн гарал үүсэл ч мөн л түүх өгүүлэх ажгуу.

Нүүдэлчин Монголчуудын хэв шинж, ёс жаягийг гадаадынхан аль эртнээс сонирхон судалж байсны нэгэнд Монгол бөх хүндтэй байр эзэлдэгийг тэртээх он жилүүдэд АНУ-ын "Вашингтон пост" сонинд хэрхэн бичсэнээс жишээлж болно.

Дэлхийд нэр хүндтэй тэр сонинд "Монголын эрийн гурван наадам 7000 жилийн түүхтэй бөгөөд жин, насны хязгаар гэж байдаггүй" хэмээн бичсэн нь бий. Мөн Хятадын эртний сурвалж бичигт "Одоогоос 7000 жилийн тэртээ Хятадын Умард хязгаарын нүүдэлчин Монголчууд уул, овоо тахиж, наадам хийж байжээ" хэмээн тэмдэглэн үлдээснийг бөх судлаач Ц.Шагдаргочоо өөрийн бичсэн номондоо дурдаад, эрийн гурван наадам манай он тооллын өмнөх 209-өөс 93 он хүртэл оршин тогтнож байсан Хүннү улсын үед ихэд хөгжиж, өнөөгийн хэв маягийг олсон гэж тодотгожээ.

Тэгвэл их эзэн Чингис хаан маань Сартуул улсыг 1219-1225 онд байлдан төвшитгөснийхөө дараа бүх нийтийг хамарсан их наадмыг Эргүнэ мөрний хөндийн "Буга сочигай" гэдэг газарт хийж байжээ.

Энэ наадамд чухам хэн гэгч бөх түрүүлсэн нь тэмдэглэгдэн үлдээгүй бөгөөд харин сур харвах тэмцээнд их хааны дүү Хавт Хасарын хүү Есүхэй 335 алд буюу 502.5 метр газраас харван байг онож түрүүлэхэд Чингис хаан машид үнэлж, улмаар "Мэргэн" цол олгож боржин чулуун дээр сийлүүлэн мөнхжүүлж Хархираагийн хөндийд гэрэлт хөшөө босгосон нь түүхэнд "Чингисийн чулуу" гэж нэрлэгдэн, өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагдан байна.

П.Е.Больщев, Б.Жигмиддорж нарын бичсэн "Биеийн тамирын түүх" номонд "Монголын эзэнт улсын анхны том наадам өрнө зүгийн их аян дайнаас буцаж ирсний дараа
1227 онд болсон байж магад" гэж таамагласан байдаг.

ОХУ-ын их бичгийн хүн, Төрийн шагналт зохиолч В.Ян "Батхаан" түүхэн романдаа "Батхаан их усыг гатлаад 3 өдрийн амралт зарлан Урал уулын өвөрт цэрэг эрсийн наадам эхлүүлэв. Урт бүрээнүүд цангинаж, зарлагч бүдүүн дуугаар "Аймшиггүй аварга бөхчүүдээ, зоригоо үзүүлж, хүчээ шалгацгаа. Гурван давааг давж далаа шороодоогүй бөхөд Батхаан "баатар цол" хайрлана хэмээн тасралтгүй хашгирч байлаа.

Энэхүү наадамд шалгарч түрүүлсэн бөх нэн өндөр агаад мөн нэн сүртэй. Нэр нь Торгуд. Тэр сүүлчийн учраагаа дээр өргөн газарт шидэв. Батхаан хоёр бөхийн эрэлхэг зоригтойг магтан сайшааж, хоёуланг өөрийн шадар бие хамгаалагч болгоод хуяг, дуулга, баатрын бүрэн зэвсэг хэрэгслээр шагнав" хэмээн дүрслэн бичсэн байдаг.

Халхын түшээт хан Гомбодоржийн 2 дугаар хүү Занабазарыг 5 настай байхад Халхын шарын шашны тэргүүн Богд гэгээнд бат оршил өргөх том наадмыг "Цагаан луу" жил буюу 1640 онд одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнө-Таринын голын эх, бага Монгол уулын өвөр, "Ширээт цагаан нутаг' хэмээх саруул сайхан дэнжид хийжээ.

Энэ нь Их Монгол Шаравжамц аваргын хүй цөглөсөн нутаг юм. Магсар хурцын Дугаржав "Халхын долоон хошууны даншиг наадам" номондоо "Монголын өндөр Богд Занабазар Өөлд Галданбошигт хааны самуунаас зугатан, Халхчуудыг авч Долнуур гэдэг газар 10-аад жил суусны хойно, газар цагийн байдал тайван болоход Улаан хулгана буюу Энхамгалангийн 1696" онд Халх нутагтаа эргэн ирэхэд Халхын долоон хошууны ноёд өндөр Богдод насан хутаг бий болох бэлгэтэй ёслолоор Даншиг өргөн их наадам үйлдэхэд Бонхор Донир ганц морио уяж түрүүлүүлэхэд "Түмний эх" цол олгов хэмээжээ.

Монголын эрийн гурван наадамтай холбоотой бүдэг бадагхан түүх цааш хөврөн, хорьдугаар зуунтай золгосон бөгөөд 1921 оны 7 дугаар сард Монгол ардын журамт цэрэг Улаан армийн ангиудын хамт Нийслэл хүрээг чөлөөлж, Засгийн эрх ард түмний гарт шилжиж, ардын хувьсгал ялсан баярт үйл явдлыг тохиолдуулан Зүүн хойд хязгаарын хэргийг эрхлэн шийтгэх Алтанбулагийн яамны анхны сайд Намсрайн Билэгсайхан болоод бусад хүмүүс "Солдат" овоог тахиж, баяр наадам хийхэд 96 бөх барилдаж, Сэлэнгийн Дамдин 7 давж түрүүлэн, мөн нутгийн Бат-Очир 6 давж үзүүрлэж байжээ.

Энэ наадмыг Улсын их баяр наадам болгон жил бүр тэмдэглэсээр эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байна. Цэрэнгийн Бат-Очирын "Эрийн гурван наадам" номонд тэмдэглэснээр "Уул тайлгын наадамд дөрөв, тав давсан бөхөд начин, зургаа, долоо, найм давсан бөхөд заан цол тус тус олгож, үүнээс дээш цол олгодоггүй журамтай байжээ.

Харин Богдын даншигт бол 1000 гаруй бөх барилдахад зургаа, долоо давахад начин, найм, ес давахад заан, арав, арван нэг давахад арслан, хоёр түрүүлэхэд аварга цол тус тус олгодог заншил байсан боловч Богдын шавийн бөхийг тусгай эрх мэдэлтэй барилдуулж байжээ.

Тухайлбал, зөвхөн шавийн бөх л гоц мөргөнө. Шавийн бөхийг аймаг, хошуудын бөх амлан авч барилдах ёсгүй байв. Шавийн бөхийг өргөмжлөн начны даваанд гоц мөргүүлэн начин болгох буюу мөн уул тайлгын наадамд тав, Даншигт долоо давахад заан цол олгох гэх мэтээр бусад бөхчүүдээс илүүтэй өргөмжлөх зэргээр шавийн сайн бөхийг өргөмжлөн түрүүлүүлэх явдал ч гардаг байжээ. Харин ийм явдал 1912 оны үеэс өөрчлөгдөх эхлэл тавигджээ" гэж бичсэн байдаг.

Монголчууд эрт дээр үеэс "Эр хүний 13 мэх" гэж ярьдаг байсан нь угтаа Монгол бөхийн 13 мэхийг хэлсэн хэрэг байв. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх өөрийн туурвисан номондоо Монгол бөхийн 256 мэхийг задлан тогтоожээ.

Монгол үндэсний бөхийн үүссэн гарвал нь бидний өдөр тутмын ахуй амьдралтай салшгүй холбоотой байсныг эрдэмтэн мэргэд судлан тогтоосон байна. Анх эхийн эрхт ёсонд захирагдан амьдарч байснаа, аажмаар эцгийн эрхт ёсонд шилжсэн байна. Он жилүүд хувьсан өөрчлөгдөх тусам хүмүүсийн амьдрах арга ухаанд ч өөрчлөлт орж, овгоороо амьдрах болжээ.

Өөрөөр хэлбэл, овгийн тэмцэл нь тэдний амьдрах хэв маягийг өөрчилсөн гэсэн үг. Тухайлбал, зэрлэг адгуус малыг өөрсдийн нүцгэн гараар барьж номхруулахыи зэрэгцээ хүнс тэжээлдээ ч хэрэглэк болов. Энэ бүхэн нь төрөл бүрийн хөдөлгөөн, үйлдлүүдийг хийхэд хүргэсэн төдийгүй, улмаар овгууд хоорондоо тэмцэлдэн ноцолдох болжээ.

Чухамдаа Монгол үндэсний бөхийн барилдааны хөдөлгөөн, мэх, гараа, шаваа эндээс л үүдэлтэй билээ. Улмаар тусгай өмсгөлтэй болж, далбааны өнгийг маргааш өдрийн сайхныг билэгдсэн цэнхэр, шуудгийг улаан өнгөөр хийсэн байна. Эх нутаг, элгэн саднаа гэсэн сэтгэлээр ээтэн монгол гутал өмсөж, халх дөрвөн аймаг, шавь таван хошуу нэгэн санаатай байхын билгэдэл болгож малгайн нь оройд сампин зангидсан байдаг.

Ер нь Монголчуудын ёс заншил, үйл бүхэн нь үргэлжид билгэдлийн утгыг агуулсан байдгийн бас нэг илрэл нь бөхийн гараа юм. Хангарьдын дэвэлтээр харсан болгоныг алмайруулан дэвэх хүчит бөхчүүдийн гуяа гурвантаа алгаддагийн учир холбогдол нь "бөх, морь, сур" гэсэн санаа бөгөөд асрын өмнө очихдоо "Наадам наашаа, найр тавин барилдья" гэж гуяа хоёронтоо алгаддаг билээ.

Монгол бөхийн барилдаантай холбоотой хууч, домог яриа өнөөдрийг, хүртэл өртөөлөн ирсний бодитой нэгэн жишээнд Даншиг наадамд олон жил аваргалан түрүүлсэн Сэцэн ханы алдарт Бунъяа аваргын төрсөн дүү бүсгүйн тухай домог яриа юм.

Ахынхаа нэрээр ирж Даншиг наадамд барилдан түрүүлсэн тэр бүсгүй Монгол бөхийн өмсгөлд эрс эргэлт хийхэд хүргэсэн нь далбааны битүү энгэрийг задгайлж өгсөн явдал юм.

Энэ тухай Монгол Улсын Арслан М.Мөнгөний "зохиолоор бүтээсэн "Хэлтгий заяа" уран сайхны кинонд тод томруун тусгагдсан байдаг. Монгол хүний сүр хүч, омог, хийморийг үеийн үед бадраасан Монгол бөхчүүдийн маань алдар гавьяа мөнхөд бадран гийж байхын ерөөлийг есөн цагаан цацал өргөмү!

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин