sonin.mn

МОСКВА. /ВВС/. Улсад нь нэмж хориг арга хэмжээ авсан АНУ-ыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин буруушаалаа. Хориг арга хэмжээ ОХУ-АНУ-ын харилцааг “мухардалд” оруулна гэж тэрбээр анхааруулав.

Бразилын нийслэл Бразилиа хотод хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдэл хийхдээ Путин “ОХУ-д авч буй хориг арга хэмжээ эцсийн дүнд АНУ-ын үндэсний ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх болно” гэжээ.

Гэхдээ байдлыг шийдвэрлэх арга замуудыг хайхын тулд хоёр улсын хооронд яриа хэлцээ хийх дипломат цонх нээлттэй хэвээр байгаа гэж  Ерөнхийлөгч Путин хэлсэн байна. ОХУ-ын төрийн тэргүүний хэлсэнчлэн, Украины зүүн нутгийн байдлыг тогтвортой болгохын тулд холбогдох бүх тал яриа хэлцээний ширээнд суух хэрэгтэй.

АНУ-ын дипломат бодлогыг Путин шүүмжлэн, Украины зүүн нутагт байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж буй тус улсын шинэ засгийн газарт Вашингтоныг тусалж байна гэлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг