sonin.mn

Хувьсгал... гал улаан хувьсгал, нэл улаан хувьсгал, час улаан хувьсгал... Германы Рейн мужийн Трир хотын бавгар сахалт Марксын номлосон "Европоор тэнэж явсан коммунизмын хий үзэгдэл"-ийг Максим Горькийн бичсэнээр "Монголжуу царайтай, халзан толгойтой, онигор нүдтэй" Ленин хэмээгч амьдралд бодитойгоор орос орноос эхлүүлж, улаан галаар Ази, Европыг бүхэлд нь, Америк, Африкийн хагасыг түймэрдэж, хорвоогийн өнгийг хувиргаж, тэр үеийн дэлхийн хүн амын хагасыг пролетарийн диктатур хэмээх захиран командлах аргаар жолоодож эхэлсэн тэртээ 1920 оноос хөх тэнгэрийг шүтэж, хөх өнгийг билэгддэг монгол хүмүүсийг улаан хувьсгалын номонд оруулж, эдлэх эрх чөлөөг нь хасаж, эд хөрөнгө, өмч баялгийг нь хурааж, эсэргүүцсэн бүгдийн толгойг нь авч, эсвэл хэдэн арван жилээр тамын хар гэрт хорьж, үйл лайг нь үзэж, худал юмыг үнэн болгож, хийгээгүй хэргийг хийсэн болгож, тамлаж байсан цөвүүн цагийн эхэнд баруун монголын соёлын томоохон голомт болж, олон зууны туршид өв соёл, бичгийн гайхам уламжлал, зан заншлаа хадгалж байсан Төгсбуянтын хүрээг газартай тэгшилж, ном сударыг нь шатааж, бурхан шүтээнийг нь эвдэлж, барилга байшинг нь нураан устгаж, олон арван дэвшилтэт үзэлтэй хүмүүс, тэр ч бүү хэл ардын хувьсгалд гар бие оролцож явсан хувьсгалчид, хар шар лам хувраг олон хүмүүсийг үй олноор нь буудан алсан гутамшигт хэрэг гарсан юм.

Төгсбуянтын бослого нь 1921-1930 он хүртэлх Чандмань уулын аймаг буюу одоогийн Увс аймгийн түүхэнд холбогдох томоохон хэргүүдийн нэг юм. Төгсбуянтын хүрээ нь тэр үеийн Төгсбуянтын хошууны Байнхайрхан сумын нутагт Живэрт, Түргэн, Баруун салаа гэсэн 3 голын бэлчэр болох үзэсгэлэнт сайхан газар, Таван Дэнхэрвээ хэмээх цувраа таван уулын хойт талд, 1745 онд байгуулагдсан, Цогчин, Чойр, Жуд, Дуйнхар, Мамба гэдэг 5 дацангууд нь тусдаа хоёр хоёр давхар сүмтэй бөгөөд тэнд гүн ухаан, байгалийн шинжлэл, одон орны судлал, анагаах ухааны номыг судалдаг, хурлаа төвд, тод номын аль алинаар нь тогтмол явуулдаг байжээ.

Хүрээ өмнө, баруун, хойт, зүүн гэсэн 4 хэсэг боловч хоорондоо заагтай биш, үргэлжлүүлээд барьсан хашаа байшингуудтай, зарим нь гэртэй, нийт 800 ламтай, 200 гаруй хүүхэд ламтай байжээ.Хасаг, урианхай, халх, буриад, дөрвөд, баяд гээд олон ястан амьдардаг, хүн зон олноор холхисон, хятадын хоёр ч салбар пүүс байсан бөгөөд бүр зарим үед оросын католик шашны хар нөмрөгт санваартнууд ирчихсэн явдаг баруун хязгаарын шашин, соёл, худалдааны том төв нь байсан юм.

Ийм том хүрээг 1930-1937 он хүртэл лам нарыг нь баривчилж, барилга байшинг нь нурааж, бурхан ном судрыг нь шатааж, газарт булсан юм шүү. Одоо ч гэсэн энэ хүрээ байсан газрын орчинд, Харжигнуурын хясаа гэдэг голын эгц өндөр эргийн доор булагдсан бурхад, сүмийн шатсан эд зүйлс дараатай байдаг юм. Харин хүрээний ором дээр шарилж ургасан өндөр хэрмийн үлдэгдэл байдаг. Үнэхээр нэг л гунигтай, жихүүдэс хүрэм сэтгэгдэл төрдөг билээ.

Монголын тусгаар тогтнолыг хангах, гадаадын булаан эзлэгчдийг хөөн зайлуулах, эрх чөлөөг байлдан олох зорилтыг хэрэгжүүлэхэд дээд зиндааны феодал ноёд ч, эрдэмт хувраг, хутагт хувилгаад ч, дунд доод лам сэхээтнүүд ч, нийгмийн бусад анги давхарга, ялангуяа хувьсгалын гол хүчин болсон малчин ардууд ч гap бие дутахгүй оролцсон юм. Гэтэл ардын хувьсгал ялсаны дараа орон нутагт, ялангуяа хязгаар нутагт явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлого өөрчлөлтүүд нь МАХН-ын анхны хөтөлбөрт тусгаж байсан шиг "гадаадын харгис этгээдийн дарлалыг дахин амсахгүй, бурхан шажнаа хүндэтгэж, ард түмнээ амгалан туйл дор хүргүүлж, тэгш журамт, баян хүчирхэг улс болгоно" гэсэн тэр эрхэм зорилгоосоо хазайж, харин ч бүр эсрэгээр нь сталинизмын гap хөл болж, түүний нөлөөгөөр нам төрийн удирдлагад гарсан зүүнтнүүд "социализмыг хурдавчлан байгуулах" уриан доор баян чинээлэг хүмүүсийн хөрөнгийг хураах, ядуу дунд аж ахуйтныг нийтээр хамтралжуулах ажлыг албадан явуулах, хамтрал коммунд ороогүй аж ахуйтанд шахалт дарамт үзүүлж, өмчийн эрх, эрх чөлөөнд нь халдах, том феодал ноёдууд болон лам хуврагуудын улс төрийн эрхийг хасах, ажил албанаас нь хөөх, лам нарыг албадан хар болгох, сүм хийдийн амьдралын хүчин зүйл болж байсан жасын мал хөрөнгийг нь хураах, хэт их татвар авах, гадаадын худалдаа наймаа эрхлэгчдийг шууд шахан зайлуулах компанит ажлыг эхлүүлсэн нь шинээр үүсч тогтоод удаагүй байсан "ардын" гэсэн тодотголтой төр засгийн алдаа байлаа. Энэ алдааны хамгийн анхны бай болсон хүмүүс нь Төгсбуянтын хүрээний бослого гэгчид оролцсон, хөөрхий хүмүүс байсан юм.

Тэр үед 1928 оноос эхэлж баруун аймагт феодалын хөрөнгө хураах ажил эхэлж, Чандмань уулын аймагт 49 хүн "феодал" хэмээн бүртгэгдэж Төгсбуянтын хошууны 5 феодалаас 4368 хувь хөрөнгө, Баянмандал хошууны 9 феодалаас 832 хувь хөрөнгө, Баянчандмань хошууны 6 феодалаас 1910 хувь хөрөнгө хурааж, Төгсбуянтын 1203 ламаас 360 ламыг албадан хар болгож, жасын хөрөнгийг нь битүүмжилж, Төгсбуянтын хүрээнд байсан хятадын Буян, Даашинхүүгийн салбар пүүсүүдийг хөөн зайлуулжээ. Хүрээнээс гарч явсан пүүсний зарим худалдаачдыг нутгийн хүмүүс замд нь алж дээрэмдсэн байна. Бөс даавуу, цай тамхи, юм юм л ховорджээ. Тэр үеийн өвгөд "Цай олдохгүй, ойд ургадаг зарим ургамлыг түүж цай орлуулдаг байсан" гэж ярьцгаасан байдаг. Хүрээний хоол хүнсэнд зориулан тариа тарьж амьдардаг байсан тариаланч лам нар, гар урлал, мод, дархны ажил хийж амьдралаа зогоодог байсан лам нарыг бусдыг мөлжигчид хэмээн ажлыг нь хориглон зогсоожээ.

Харин сүүлд хар болсон лам нарыг артель байгуулж албадан ажиллуулсан байна. Тэр ч бүү хэл, баян хүнд хамжлага болж, малыг нь маллаж, ажлыг нь хийж амьдардаг айл гэр, хүмүүсээс албан татвар авах журам гарч, гүйцэтгэж эхэлжээ. Мөн 1930-аад оноос хязгаарын байдал үймээн самуунтай байна хэмээн үзэж, баруун хязгаарт 11 сууринд хил хамгаалах ардын харуулын газар байгуулж, түүний унаа морь, хоол хүнсний бүхий л зардпыг ардуудаас гаргуулах болсон нь хүмүүсийн амьдралд хүндээр тусаж байв. "Ардын хоршоо" гээчийг байгуулсан боловч өргөн хэрэглээний барааны хангамж, нийлүүлэлт муу, энгийн худалдааг хязгаарласан нь ард олон барааны өлсгөлөнд нэрвэгдэж, хүмүүсийн аж амьдрал, сэтгэл санаанд хүндээр тусах болжээ.

Ийнхүү 1929 оноос зүүний алдаатай бодлогод эгдүүцэж эхэлсэн олон түмний дүргүйцэл нь 1930-аад оны үеэс эхлэн зохион байгуулалттай эсэргүүцэлд аяндаа шилжин орж, Улаангом, Төгсбуянтын хүрээний ард олны сэтгэл санаа ихээхэн тогтворгүй болж, хуучин түшмэл явсан хүмүүс, лам нар хоорондоо янз бүрийн холбоо тогтоон, Ардын засгийг эсэргүүцэн 4 дүгээр сарын эхээр бослого гаргахаар хэлэлцэн тохирчээ. Төгсбуянтын бослогыг хуучин эрх ямба, эд хөрөнгөө эргүүлэн авах гэсэн хэдэн хүмүүсийн эсэргүү хөдөлгөөн байсан гэж хараахан үзэж болохгүй юм.

Харин эд хөрөнгийг нь хурааж, албан татвараар дарамталж, наад захын хүний эрх, эрх чөлөөг нь хасаж, аж амьдралыг доройтуулж, засаг төр, шашин шүтлэгтээ биширсэн итгэлийг нь гутаан доромжилсон зүүнтний алдаатай бодлогын нийгмийн хариу, олон нийтийн дүргүйцлийн илрэл хэмээн үзэх нь илүү үнэнд ойрхон очих болов уу. Харин боссон ард олон шашны далбаан дор нэгдэхээс өөр арга байсангүй учраас энэ бослого нь тухайн үедээ хязгаар орон нутгийн шашин соёл, албан байгууллагын төв болж байсан Төгсбуянтын хүрээнд гарахаас өөр аргагүй байсан юм. Одоо Төгсбуянтын бослогын цагийн байдлыг авч үзье.

1930 оны 3-р сарын 20 орчмоор Төгсбуянтын хүрээний хамба лам Лувсанчүлтэм /түүхэнд Хорлоогийн Цагаан лам гэж тэмдэглэгдсэн буй/ нас барж, түүнийг оршуулах ёслолд олон хүн оролцож, шарилыг нь нутгийн үзэсгэлэнт сайхан газрын нэг болох Алтанчимхүүр гэдэг өндөр уул өөд авч явжээ. Энэ үеэр аймаг сумын албаны хүмүүс ч иржээ. Энэхүү Төгсбуянтын хүрээний сүүлчийн хамба лам нь Ардын засгийг талархан дэмждэг, 1921 онд Түргэн сумын Мөст гэдэг газар Баруун Монголын Засгийн газрыг байгуулах үед Дөрвөд далай хааны хошууны ихэс дээдсийн чуулганд оролцож, Ц.Хасбаатар, Дамбадорж нартай уулзаж учирч явсан, нутаг олондоо, шавь нартаа ихэд хүндлэгдсэн хүн байжээ. Цагаан лам нь нас барахаасаа урьд, зарим хүмүүсийн санаа сэтгэл ихээхэн тогтворгүй болж, Ардын засгийн эсрэг хөдөлгөөн бослого гаргах гэж байгааг мэдсэн бололтой "Та нар энэ төрийг эсэргүүцэн тэмцэж болохгүй, энэ цагийн төр ирэх жамаар ирж байна" гэж анхааруулан айлдаж, захисан юм гэнэ лээ гэж Машийн Чулуун гэдэг өвгөн 1970-аад оны үед үүнийг бичигч миний биед ярьсан билээ. Оршуулгын үеэр Ардын засагт алба хааж байсан Төгсбуянт уулын хошууны Тамгын газрын эрх баригч, хошууны дарга О.Марайзан, хошуу тамгын түшмэл Б.Хандсүрэн, Тамгын мээрэн Б.Цэрэнжав, Тамгын байцаагч Гочоосүрэн, Танхимийн багш Даржаа /нутгийнхан пандиг Даржаа гэдэг байв/ нар иржээ. Тэд бодвол нэр нөлөө бүхий тэр ламын оршуулах ёслолд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байж болох юм.

Гэтэл Бөхмөрөн сумын харъяат Давад, Лүндэн гэдэг хоёр лам, мөн Түсэрвээний Хатуу /Хатанбаатарын цэрэгт явж байсан, дөрвөдийн бух ноолдооноор барилддаг байсан, сайн бөх/ тэргүүтэй хэдэн лам нар нөгөө албаны хүмүүсийг барьж авах гэж нэлээд зодоон цохион болсоны эцэст бүгдийг баривчлан хүлжээ. Үүний дараа хэн нэг нь оршуулгаас буцаж ирж явсан хүмүүс дээр очиж "Бид Ардын засгийнхныг бариад шоронд хийчихлээ" гэж хэлжээ. Юун шорон байх вэ дээ, "Тэр албаны хүмүүс, бас бослого хөдөлгөөнийг буруушаан эсэргүүцэж байсан ардуудыг хүрээний хойно байсан Богдын сүмд аваачиж хорьсон байжээ" гэж Гандантэгчлэн хийдийн хамба, нэгэн үе монголын шашны тэргүүн байсан Хархөвүүний Гаадан бичжээ.

Ингээд байдал улам төвөгтэй болж, сэтгэл санаа хөөрсөн хүмүүс, зарим ухвар мөчид, холын хараагүй хүмүүсийн ятгалгаас үүдэн оршуулга нь үймээн болж, улмаар үймээнээсээ хэтэрч улс төрийн шинж чанартай, Ардын засгийн эсрэг бослого болж хувирчээ. Тухайн бослогыг болон цаашид тогтох "Шинэ засгийг" хэнээр удирдуулах вэ? гэх маргаан гарсан байна. Эцэст нь босогчид Сагил сумын харъяат, хуучин үед захирагч явсан Бардуу гэдэг хүнээр удирдуулахаар болж хүн илгээсэн боловч Бардуу "Би чадахгүй" гээд эхний удаад ирээгүй юм гэнэ лээ. Гэвч дахиад 2-3 хүн илгээж Бардуу захирагчийг баривчлан авч ирээд "Бослогыг толгойл, улмаар шинэ засгийг толгойл" гэж шахаж шаарджээ. Бардуу захирагч төө хиртэй гансаараа тамхи татан, монгол гутлынхаа толгойд үнсийг түргэн түргэн цохин унагаах зуураа тэдэнд учирлаж: "Цагтаа ирсэн юмыг давж болдоггүй юм, Ардын засаг чинь цагаа болохоор ирсэн хэрэг. Та нар буруу юм хийж байна. Шашин бурхныг тань Ардын засаг юу юугүй дайран устгахгүй. Харин бослого хөдөлгөөнөөс их уршиг гарч мэднэ, энэ хэргээ зогсооё, Та нар амьтны амар жимрийг бодож тайван байцгаа, би хувьсгалыг толгойлохгүй" гэжээ. Гэтэл бослогод бэлдсэн лам нар "Бардуу тэрслэгч этгээд байна, үүнийг бариад шоронд хорьё" гэж шуугицгаажээ. Ингээд барьж хорих гэхэд нь "Энэ хэрэг бүтэхгүйн төлөө, та олон хуврагийн төлөө би үхье" гэж хэлээд бослогыг удирдахаар болсон юм гэдэг. Босогчдын зарим нь сургууль, хоршоог шатаах гэхэд Бардуу "Ямарч улс төрд сургууль байдаг. Та нарын энэ явдал буруу" хэмээн болиулжээ.

Бардуу нь тэр үед 50 настай байв. Тэрээр монгол, төвд бичигтэй, хятад хэлтэй, өндөр боловсролтой, Ховдын сайдын газар алба хааж байсан, монгол орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлөх 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан, 1923 оны МАХН-ын гишүүн, 1925 онд Чандмань уулын аймгийн анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдож, Төгсбуянт уулын хошууны ажлын талаар тайлан илтгэл тавьж, эх нутгаа хөгжүүлэх талаар олон чухал санал дэвшүүлсэн байдаг. Босогчдын дараагийн арга хэмжээ нь Түргэн, Сагил, Бөхмөрөн сумдаас буутай, анчин гөрөөчин хүмүүсийг зарлан дуудаж ирүүлээд, тэднийг Төгсбуянтын хүрээ орчим Саалинчийн хөтөл, Даваагийн булгийн ам, Живэртийн бэлчэр зэрэг газарт харуулаар суулгаж, хүрээн дотроо "шинэ засгийн" зохион байгуулалтаа хийж эхэлжээ.

Мөн зүг бүр тийшээ элч мордуулж, хэл мэдээ авалцах болсон байна. Тэр үед Тагна, Тувагийн наад захын хошуудад бослого гарч, тэд өөрсдийгөө Төгсбуянтын ар тал гэж үзэж, зэвсэг өгнө гэж амлаж байснаас үүдээд юуны өмнө Тагна, Тувагийн Төмөрдөөн, Маржаан нартай холбоо тогтоосон байна. Улаангомын хүрээнд холбоо барьж, бослого эхлүүлэхээр лам Моломыг илгээн холбоо барьжээ. Мөн 3-р сарын 26-нд хошуу тамгын газрыг эзлэн авах болбоос бусад газар харилцах утасны модыг хөрөөдөөд унагаах хэрэгтэй зэрэг даалгавар авсан элч "шүлхий" Балжир гэгчийг явуулсан боловч тэр нь Улаангом, Төгсбуянт хоёрын хооронд суулгасан харуулд баригдаж, Улаангом дахь Дотоодыг хамгаалах газарт хүргэгдсэн байна. Тэд 3-р сарын 26-нд тус "засгаас" Чандмань уулын аймгийн яаманд мэдэгдэл гаргажээ.

Чандмань уулын хошуудын лам нар болон, олон харуудаас Чандмань уулын яамнаа хүндэтгэн мэдэгдэх нь: "Сүүлийн үед манай зах хязгаар нийлсэн Тагна, Тува улсын ардуудаас гэнэт эсэргүүцэж, төв орон нутгийн газруудын эрх баригчдыг дайчлан барьж, албаны газруудыг эзлэн, хуучин засаг засаглал, адил тэгш эрхтэй намыг байгуулахаар тогтжээ. Тэднээс бидэнд удаа дараа бичгээр юм уу, амаар эл явдлаа мэдэгдэж нэгэн адил хөдлөхийг уриалж байснаас гадна манай хошууны эрх баригчдаас үргэлж албаны нэр сүрийг далайлган лам хар биднийг занаж, элдвээр хавчих буюу биднийг барих, хорих мэтээр доромжилсоор ирсэнийг цаасан дээр бичих аргагүй. Үүний улмаас хүн бүрийн дотор гомдол төрж, цаашид хэвээр хүлээж болохгүй болмогц бид өөрсдийн үзэл санааны чигийг өөрчлөн, олноор урваж, дээр дурьдсан эрх баригчдыг барин хорив. Эдүгээ бид олноор хэлэлцэж, ардын намыг устгаж, адил тэгш эрхтэй нам байгуулахаар дурьдсан учрыг зохих Чандмань уулын аймгийн яамнаа мэдэгдэж улмаар гүйцэтгүүлсүгэй" гэжээ.

Энд нэг зүйлийг сайтар анхаарвал уг босогчид Тагна, Тувад болсон эсэргүүцлийн хөдөлгөөнийг ихэд дуурайсан, тэднийг дагалдсан байдалтай байдаг. Магадгүй тэд Тувагийн босогчдын үлгэр жишээгээр засаг төрийнхөө эсрэг босож болох юм байна хэмээн хөөрч, мөн тэдэнтэй хил хязгаар ойр, тусламж авахад боломжтой гэж үзсэн болов уу. Тэр үед Тувад мөн л ЗХУ, Коминтерний явуулж байсан бодлогыг эсэргүүцэж, шашин, соёл, үндсээ хамгаалах гэсэн ард олон эсэргүүцэн тэмцэж бослого хөдөлгөөн гарган, тэр нь бут цохигдож, айж сандарсан, дүрвэж эугатаасан олон урианхайчууд Монгол улсын нутаг дэвсгэрт, Сагилийн гол орчмоор нүүдэллэн ирээд 2 жил өвөлжжээ. Тэр айл, хүмүүсийг урианхайн шилийн сайн эрчүүд болох Мардаажиг, Тавхай нар удирдаж байсан гэдэг. Мардаажиг нь одоогоор бол заан цолтой, Тавхай нь арслан цолтой бөхчүүд байжээ. Эд нар манай нутгийн алдартай бөхчүүд болох Боргогийн Туулай, бөх Даржаа, ут Даржаа зэрэг хүмүүстэй торгон ногоон дэвжээн дээр нэгэн үе хүч үзэж явсан бөхчүүд, ойр дотны найз нөхөд байжээ. Үнэндээ Мардаажиг, Тавхай нар хоёулаа их цэцэн буутай, сайн буудагч, бас Тувагийн бослогыг толгойлогчид байсан танай хувьсгалд" туслана гэж өдөөн турхирч, итгэл төрүүлж байсан хүмүүс гэдэг.

Энэ хоёр хүнийг олон жил хөөцөлдсөний эцэст 1936 онд Дотоодыг хамгаалах яамныхан заль хэрэглэж, мөнөөхөн найз нар нь болох ут Даржаа, бөх Даржаа нараар бариулсан боловч Улаанбаатар хүргэх замд одоогийн Өлгий сумын орчимд, өөрийг нь харгалзаж явсан 6 цэргийн 2-ыг нь алаад, бусдыг нь цохиж унагаагаад хил даван оргож Шинжааны нутагт очиж амьдарчээ. Сүүлд тэр хоёр хасаг, уйгарын дээрэмчидтай хил зөрчин орж ирэхэд манайхан бөмбөгдөж устгасан юм гэнэ лээ гэж өндөр настан Д.Уртнасан ярьж билээ.

Ямарч гэсэн Төгсбуянтын бослогод дээрх хоёр урианхай ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний удирдлагын дор Төгсбуянт уулын хошууны Баянзүрх сумын Сагил гол, Баянзүрх ууланд 120 өрх, 10000 толгой мал бүхий 500 гаруй хүн хоргодон байсны дотор Төгсбуянтын бослогод туслахаар 80 орчим зэвсэглэсэн хүн бэлэн байдалд байжээ. Энэ үеэр Шинжанаас 1600 тэмээ ачаатай, 100 шахам хятад хил давж ирээд баригдаж, тэдний ачаанаас цэрэг байлдааны холбогдолтой хэрэгсэл ачааг явуулсан бичиг гарчээ. Мөн Төгсбуянтын бослогын үед Холбоот Орос улсын Ойрадын хязгаар (Горный Алтай)-аас 100 орчим хүн адуу малын хамтаар манай улсын нутагт орж ирэн мөн Төгсбуянтад байгуулагдсан засгийг түшихээр ирэхэд Жаргалантын (Ховдын) Дотоодыг Хамгаалах газраас Равдан тэргүүтэй тусгай анги очиж, тэднийг буцаан Холбоот улсын цагдаа нарт хүлээлгэн өгчээ.

Мөн босогчид Алтайн урианхай, Шинжаны цэргийн эрхтнүүдтэй холбоо тогтоож зэвсэгт тусламж авах гэсэн боловч амжаагүй байна. 3-р сарын 27-нд Дөрвөдийг захируулахаар хуучин Далай хан Түмэндэлгэржавыг залахаар залан Цагаанхүүг илгээсэн боловч, Түмэндэлгэржав эрс шууд татгалзсан гэдэг. Энэ нь ч аргагүй юм. Түмэндэлгэржав хаан Ардын засгийг бүр анхнаас нь дэмжиж, хувьсгалын ялалтыг хангахад хүчин зүтгэж, Баруун Монголын Ардын засгийн ерөнхий сайд, Монгол улсын Сангийн яамны дэд сайдын албыг хүртэл хашиж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Харин сүүлд 1937 онд Түмэндэлгэржав хааныг 62 настай, нутагтаа гэм зэмгүй амьдарч байхад нь хоёр хүүтэй нь цуг баривчилж, хэдхэн өдөр байцаагаад, Улаан уулын урд, Шар харгайн хавьд эмгэнэлтэйгээр буудан хороосон юм.

Байдал цаашид хэрхэн өрнөв гэвэл бүх зүйл хүчээ авч, нэгэнт зогсоох аргагүй болжээ. Монголын төр, Ардын засгийн газраас Чандмань уулын аймагт гарсан ард олны тэмцэл хөдөлгөөнийг судлах, бослогыг дарахаар Байлдааны эрхт хувьсгалын түр хороог Ховдын хязгаарын IV морьт хорооны дарга, сургагч нар, хошуу аймгийн яамны дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Чандмань уулын аймаг руу илгээжээ. Мөн засгийн газрын Бүрэн эрхт комиссыг байгуулж, Комиссын даргад Дотоодыг Хамгаалах газрын дарга Б.Элдэв-Очир, гишүүнд Л .Дарьжав, О.Дашчирэв, Эрдэнэ нарыг томилж, тэд 3-р сарын 30-аас урьд ирж ажилдаа оржээ.

Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт комиссоос юуны өмнө Төгсбуянтын хүрээнд гарсан бослогыг дарахаар шийдвэрлэж, Б.Элдэв-Очир машинаар Төгсбуянтын хүрээнд очиж, хүрээний ар талаар урсдаг Дэлгэрмөрний дэнж дээр ирж зогсоод цагаан дарцаг барин буух үед Сагилын Боршоон шар Жана гэдэг хүн хүрээнд Майдар хурах үеэр ёс болгож, муу зүйлийг хөөж байна гэж бууддаг байсан "Баали цагаан" гэдэг буугаар Б.Элдэв-Очирыг буудаж, хөнгөн шархдуулжээ. /Элдэв-Очирын хүзүүг буудаж шархдуулсан гэдэг бөгөөд хожим ЗХУ-д очиж эмчлүүлсэн боловч, насаараа хүзүү нь гилжгэр болж, өндөр хүзүүвчээр хүзүүгээ ороодог байсан юм гэнэ лээ./

Ингээд дараагийн арга хэмжээг яаралтай авч Улаангомд ирээд байсан Ховдын IV морьт хороог бослогыг дарахаар дуудуулжээ. Энэ хороог комиссар Буяндэлгэр командалж 3-р сарын 20-ны өглөө гэхэд Төгсбуянтын хүрээний урьд байсан Саалинчийн хөтөл гэдэг газраар давж орж иржээ. /Тэд бүгд эмээлгүй морь зайдан унасан байна. Бослого дарагдсаны дараа тэр цэргүүдийн морьдод эмээл цуглуулж, урьд бүүргийн нь будгийг хусаж арилгаад, тоогоор дугаар тавьсан эмээлүүдийг тохож өгсөн гэдэг. Мөн бослогод оролцсон хүмүүсийн болон ардуудаас авчирч өгсөн 400 гаруй агт морьдыг Ховд аймагт байсан хилийн цэргийн заставт Сагилийн харъяат бөх Даржаа нарын хүмүүс хүргэж өгч ял шийтгэлээс мултарч байжээ./

Яг тэр үед Саалинчийн хөтөл дээр босогчдын талын хэдэн хүн харуул хийж байсантай цэргүүд таарч, Буяндэлгэр тэр хүмүүст байсан ганц бууг нь хураан аваад "Та нар энд байж болохгүй. Одоо гэр лүүгээ явцгаа" гэхэд тэр хүмүүс тарж, хүрээ рүү явсан бөгөөд тэдний нэг нь хүрээнд хэрмэн дотор бүгж байсан босогчдод очиж, олон цэрэг ирж яваа тухай хэл хүргэсэн гэдэг. Засгийн газрын цэргүүдийг хүрээ рүү дөхөж ирэх үед Түсэрвээний Хатуу гэдэг хүн хамгийн түрүүнд явж байсан комиссар Буяндэлгэрийг буудаж хүнд шархдуулжээ.

Тэр даруй цэргүүд хүрээний өмнө байх Таван Дэнхэрвээ уулын Эхэн Дэнхэрвээг эзлэн авч пулёмотоор гал нээжээ. Ихэнх нь бороохой шийдмээр зэвсэглэсэн "...төрдөө гомдсон лам, хар босогчид Зөвлөлтийн сургагч бүхий байнгын армитай тулалдсан тулаан ядахнаа цаг ч үргэлжилсэнгүй.   Засгийн газрын цэргүүд винтов, пулёмотоор буудаж, "бууж өг, бууж өгөхгүй бол та нарыг бүгдийг устгаж, хийдийг буудаж, бүх барилгыг шатаана" гэх зэргээр сүрдүүлэн хашгирсанд босогчид цагаан дарцаг гарган бууж өгчээ. /На.Сүхбаатар. Баруун Монголын нийгэм, улс төрийн байдал. УБ. 1999 он. 60-р хуудас/

Зарим айсан ичсэн хүмүүс орон тэр, байшингийнхаа доор ухаж бэлдсэн зоориндоо орж хоргодсон боловч тэднийг бүгдийг хөөн гаргаж, хүрээний баруун талын уулын хормойд цуглуулан цэргээр харгалзуулан суулгажээ. Нийт 400-500 гаруй хүн байсан гэдэг. Цэргийн дарга тэр хүмүүст яриа хийж, "...нам төрийн эсрэг бослого гаргасан та нарыг хуулиар хатуу цээрлүүлэх ёстой. Энэ хэргийн буруу болохыг ярих хүн байвал босч ярь, яагаад ийм хэрэг гарав" гэжээ. Гэтэл бидний хэрэг буруу гэж хэлэх хүн гарсангүй гэнэ. Уурлаж хилэгнэсэн дотоодыг хамгаалахын дарга, хүмүүс "Та нар буруугаа хэлэхгүй бол энэ пулёмотоор шүршихэд нэг ч хүн амьд үлдэхгүй шүү, бид зэвсгийнхээ чадлыг үзүүлнэ" гэж заналхийлэхэд бослогыг удирдсан Бардуу захирагч босож "Ялтай, ялгүй хоёрыг ялгаж хайрлатан. Эцэст нь ийм юм болно гэдгийг би мэдсэнгүй. Би толгойлсон нь үнэн билээ" гэж хэлээд босжээ. /Х.Гаадан Мартуузай хэмээн өгүүлсэн элдэв зүйл. 7-10-р хуудас /

Энэ үед Богдын сүмд хоригдож байсан бүх албан хаагчдыг цэргийнхэн гаргаж, дэргэдээ байлгаж, цэргийн дарга нар тэднээс элдвийг асууж лавлаж байжээ. Сая суллагдсан хошуу дарга О Марайзан "Бүх лам нар эсэргүү биш ээ. Учир мэдэхгүй дагалдагсдыг бүгдийг буудаж болохгүй. Хэрэв цөмийг нь буудах юм бол би дунд нь сууж буудуулъя" гэхэд Б.Элдэв-Очир "Тэгвэл бослогын толгойлогчдын нэрийг гаргаж өг" гэснээр тэднийг хэдхэн цагийн дотор "ялтай, ялгүйгээр нь ялгаж" 38 хүнийг баривчилж шууд хүлжээ. Тэднийг баривчлах үед тэр үеийн Түргэн гол сумын дарга байсан, дөрвөдийн алдарт бөх Боргогийн Туулайг хүлэх гээд очиход нь Туулай нэг цэргийн элгийг нь зад өшиглөж, тэр цэрэг нь дороо үхсэн гэсэн яриа байдаг /Энэ цэргийн шарил хэмээх бөөн чулуу Дэлгэрмөрний дэнж дээр одоо ч байгаа./ Баривчлагдсан хүмүүсийг хүрээний хойт захад байсан сангийн хэрмийн дотор манаж хонуулаад маргааш нь машинд суулгаж, Төгсбуянтын хүрээнээс 7-8 км орчим зайд байх Ногооны хавчуу хэмээх газар аваачиж бүгдийг нь буудсан юм.

Дараа нь тэднийг буудсан газрыг 2-3 хоног цэргээр мануулсан бөгөөд энэ үеэр шөнөжин өдөржин бамбар барьсан хүмүүс Ногооныхоо толгойн уулсын хяраар шөнөжин жижүүрлэж, хэзээ цэргүүд явахыг нь хүлээж байсан гэдэг. Цэргүүд явсны дараа цаазлуулсан хүмүүсийн ахан дүүс тэр газар дээр очиж хүмүүсийнхээ хувцас хунарыг нь тайлж ёсолсон ажээ. Ховдод алба хааж байсан тэр үеийн нэг цэргийн ярьсанаар, "...хөөрхий зайлуул, нэгэн залуухан лам ганц ээжтэй, нялх дүүтэй билээв. Төр минь намайг өршөө" гэж уйлж гуйж байсан юм гэнэ лээ. Мөн бөх Туулайг буудахад хурган дотортой дээлийнхээ дотоод хормойг цуулж буудсан газраа бөглөөд байсан юм гэнэ лээ. Есөн удаа буудуулж байж үхсэн. Харин Бардуу захирагч тэднийг зоригжуулж "Бидний хийсэн үйл лай. Битгий хашгирцгаа" хэмээн гуйж байсан гзж Ногооны Бүзмээ гэх эмэгтэй ярьсан юм.

Архивын материалд: Боргогийн Туулай нь Чандмань уулын аймгийн Төгсбуян уулын хошууны Баянхайрхан сумын 4 дүгээр багийн харъяат, 1923 оны
4-р сард МАХН-д элссэн, 1929-1930 онд Баянхайрхан, Түргэн гол сумын дарга байжээ. Түүнийг нутгийнхан бух ноолдооны "Босоо бөх" гэж бахархан хэлдэг байжээ.

Бүрэн эрхт комиссын 1930 оны 4-р сарын 11-ний хээрийн шүүхээр таслан шийтгэсэн, эрүүгийн хэргийн 2-р тогтоолыг үндэслэн алах ял болон хөрөнгийг нь хураах ялаар: 1.захирагч Борхишигийн Бардуу, 2.Аюур, 3. Мээрэн Батбаяр, 4.Тогтох, 5. залан Батмөнх, 6. захирагч Чойнхор, 7.гүн Гомборавдан, 8. Тэршзана, 9. Ширзана, Ю.Түсэрвээний Хатуу, 11. Жамба, 12. Боргогийн Туулай, 13. Гэндэн, 14. Дашаа. 15. Ланчиг, 16. Иргээ хамаах Даржаа, 17. тайж Бат, 18. Очир, 19. Ширцэнд, 20.3үдээ хэмээх Молом, 21. Равданы Чой, 22. Лам Лүндэндорж, 23. Шар Молом, 24. Пэрэлэй, 25. Равжиг, 26. Хов хэмээх Молом, 27. Номуун хэмээх Молом, 28. Чойронгоо хэмээх Чисан, 29. Ловон лам Зундуй, 30. Цагаан хэмээх Самдан, 31. Довжинжамц, 32. Дооромын хөх Равдан, 33. Довдон, 34. Тасран Шагдар, 35. Хар Дашзана, 36. Гомпил, 37. Нүдэн, 38. Хамба лам Моломлунцаг нар юм. Бусад хүмүүсээс 8-1 жилээр 113 хүн, торгох ялаар 162 шийтгэгджээ. Цаазлуулсан 38 хүний 20 нь ард гаралтай хүмүүс, 18 нь лам нар байсан байна. Үүнээс харахад Төгсбуянтын хүрээний бослого нь "лам нарын" бослого биш юм. Энэ нь төр засгийн тэр үеийн бодлогод дүргүйцсэн ард олны бослого байв.

Энэ бол үнэхээр эмгэнэл, аймшигт явдал байсан юм. Үүнд хувь хүний өшөө хорсол, ялангуяа Дотоодыг хамгаалахын дарга байж, үргэлж хүмүүсийг алж, цаазалж сурчихсан Элдэв-Очирын албаны зэрлэг, ад шүглэсэн муухай сэтгэл ч байсан байх. Үнэхээр төр засгийн буруугаас болж, амьдрахын наад захын эрх, эрх чөлөөгөө хасуулсан, бусдын ятгалганд орсон, дагалдан боссон буу зэвсэгтүй 38 хүнийг хэдхэн цагийн дотор төрийн гэмт хэрэгтэн хэмээн буудсан нь монголын түүхийн нэгэн эмгэнэл мөнөөс мөн юм.

Нэрт нийтлэлч Баабар бичихдээ: "Ялангуяа Төгсбуянтын хэдэн лам нарын үймээнийг бослого хэмээн сүржигнүүлж баахан хүн алсан, бас Тувагаас орж ирсэн хүмүүсийг мөн алж хороосон Элдэв-Очирын хэрэг Гэндэн, Бадрах хоёрыг улам түнжингүй болгосон юм" хэмээжээ. Эндээс нам төрийн удирдлагад байсан хүмүүс ч Төгсбуянтын бослого гэгчийг буруу хэрэг болсон гэж үзэж байсан нь илэрхий байна. Үнэхээр ЗХУ-ыг аялдан дагаж, Коминтерны гар хөл болсон МАХН доторхи зүүнтнүүд, Сталины уяаны нохой болсон Х.Чойбалсан тэргүүтэй дотоод яамныхан Монголын ард түмний өмнө хэзээ ч цагаадашгүй их нүгэл хийсэн билээ. Нэгэн үед энэ бүхнийг зөв хэмээн үзэж, "ялалтыг хангагч, зохион байгуулагч, монголын ард түмнийг манлайлагч МАХН" хэмээн магтан бичиж байв. Түүх бичлэгт ч ийм маягаар дэврээсэн юм нилээд байх.

Социализмын үеийн үзэл сурталжсан түүх бичлэгт "... хувьсгалт засаг төрийн бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй тийм хүчнүүд 1930 онд Төгсбуянтын хийд Улаангомын хүрээнд бослого гаргахад түүнийг дарахаар Улаанбаатараас Увс аймаг руу алсын нислэг үйлдэж, бослогыг дарахаар" цаг агаарын хүнд нөхцөлд нисэж очсон тухай бичицгээдэг. Энэ ч арай хэтрүүлэг байлгүй дээ.

Төгсбуянтын хүрээний энэ эмгэнэл З8 хүнийг буудсанаар бас дуусаагүй юм. Тэр үед бослогод 2000 гаруй хүн оролцож, түүнээс 247 хүнийг баривчилж их бага хэмжээгээр шийтгэжээ. Яг тэр үед 5 жилээр хорьж, хөрөнгийг нь хураах ялаар шийтгүүлсэн Дашийн Мухаршар гэдэг ламыг 1938 онд дахин баривчилж цаазалсан байдаг юм. Энэ мэт жишээ олон бөгөөд 1930-1938 он хүртэл Төгсбуянтын хошуу, одоогийн Түргэн сумаас нийт 133 хүн цаазлуулж, олон арван хүн 10-1 жил хүртэл хорих, хөрөнгийг нь хураах, тэнсэн харгалзах, хорих ял зэргээр 200 гаруй хүн шийтгүүлсэн байдаг юм. Дараа нь Улаангом, Бодончийн хүрээний бослогыг дарах нэрийн доор бас л өдий төдий хүнийг цаазалж, амь амьдралыг бусниулж хаясан билээ.

Энэ түгшүүрт цаг мөч хүмүүсийн сэтгэлд олон жилийн турш айдас, хүйдэс төрүүлж байсан юм. Хүмүүс үүнийг мартаж чадахгүй байлаа. Үүний дараа цаазлагдсан болон бослогод оролцсон хүмүүсийн гэр бүл, хүмүүс нутаг орноосоо нүүн зайлах, дүрвэх зэргээр хүнд хэцүү амьдралыг туулах болсон юм. Үр хүүхдийг нь хүртэл "эсэргүүний хүүхэд" гэж доромжлох, сургууль соёлд авахгүй байх, хөөх зэрэг тамын зовлон үзүүлж, нүүрийг нь улайлгаж, нүдийг нь бүлтэгнүүлдэг байв. Увс аймгийн Түргэн сумаас 1937-1939 онд улс төрийн талаар хэлмэгдэж цаазлуулсан 95 хүний нэрсийг эрдэмтэн Г.Жамъян НАХЯ-ны архиваас сүүлд олж нийтлүүлсэн юм. Сүүлийн үед 1930 оны Төгсбуянт, Улаангом, Бодончийн хүрээний бослогын талаар залуу эрдэмтэн На.Сүхбаатар нэлээд тодорхой судалгаа явуулж, энэ бослого хөдөлгөөний гарсан шалтаг, шалтгааны тухай үндэслэлтэй зүйлүүдийг бичиж байна. "МАХН ба зүүнтнүүдээс авч явуулсан гажуудсан бодлого, хязгаар нутгийнхаа хоцрогдлыг даван туулах гэсэн эх оронч сэтгэлгээнийхээ улмаас амь нас, эд хөрөнгөө хайран болгож, хохирч хэлмэгдсэн тэдгээр хар шар олныг эдүгээ хүртэл хувьсгалын эсэргүү гэж ойлгож ирсэн явдал хир үнэний хувьтай бол? " гэсэн На.Сүхбаатартай үүнийг бичигч миний бие санал нэг байна.

Одоо Монгол улс маань ардчилсан төртэй болж, юм бүхэн ил тод байж, явуулж буй бодлого нь хүмүүлэг, ард түмэн нь хөрөнгөтэй баян чинээлэг байх бодлогыг зүг чигээ болгож байна. Өнгөрсөн ч гэлээ түүхийн зарим гажуудлыг засаж байна. Улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх ажил тасралтгүй хийгдэж байна. Энэ нь сайн хэрэг. Тэр үеийн бослого, үймээний шалтаг шалтгааныг судлаад үзэхэд, түүнийг өнөөгийн өндөрлөгөөс харахад, тэдний эсэргүүцэл, дургүйцэл үнэн байсан нь мэдэгдэж байна. Төр нь буруу ажиллаад байгааг тэр хүмүүс мэдрээд, мэдээд, засах гэж оролдоод тоохгүй болохоор нь бослого үймээндээ хүрсэн хүмүүс гэж л ойлгож байна. Төгсбуянтын бослогод оролцсон хэмээн буудуулсан хүмүүсийг харахад тэдний ихэнх нь өндөр боловсролтой, зарим нь Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан, гавьяа зүтгэлтэй хүмүүс байгаа юм. Ийм байхад яагаад тэр хүмүүсийг өнөөдрийн ардчилсан төр цагаатгаж болохгүй гэж. Монгол улсын Хүний эрхийн комисс, Цагаатгалын комисс энэ асуудлыг дахин сайн нягтлан үзэж, төр засагтаа илтгэж, тэднийг цагаатгах ёстой. Мөн аймаг, нутаг орны засаг захиргаа хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах талаар хөөцөлдөж, буудсан тэр газарт нь хөшөө суварга босгож болох юм. Гэгээн төр минь, Төгсбуянтын 38-ыг өршөө...

Жалхын Дэлэг /багш, сэтгүүлч/