sonin.mn

Иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны  мэдээлэл, бүрдүүлэх материал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх ажлыг нийслэлийн 6 дүүрэгт зохион байгуулахаар боллоо.

Ингэхдээ иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад тодорхой хуваарийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгуулах гэж байгаа ажээ.

УБЕГ-аас энэ оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байранд, 7 дугаар сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байранд  “Иргэдийн мэдээллийн цаг “- ийг  зохион байгуулж Улсын бүртгэлийн хууль, тогтоомж, бүртгэлийн  анхан шатны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээс гадна мэдээллийн булан самбар ажиллуулж, гарын авлага тараах, санал, хүсэлтийг хүлээн авч ажиллах юм.

Мөн цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй холбогдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Улсын бүртгэлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Улсын бүртгэл, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ыг шинэчилсэн байна.

Мөн мэдээллийн ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү журам болон сургалтын хөтөлбөрөөр батлагдсан сургалтын материалуудыг онлайн программын мэдээллийн талбарт болон үйлчилгээ цонхны бүртгэл хяналтад байршуулжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг