sonin.mn

“Гепатит өвчний талаар дахин эргэцүүлэн бодоцгооё” уриатай гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан ХӨСҮТ сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар жил бүр 7-р сарын 28-ны өдрийг Гепатит өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон. Энэ өдрийг манай улс 2011 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж, халдварт шар өвчний талаар мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ирсэн.

Манай улсад гепатит өвчнийг  1952 оноос бүртгэж, 1962 онд шар өвчин оргил үедээ хүрч байжээ. Энэ үед 10 мянган хүн дутмын 331 хүн өвчилж байсан гэсэн баримт бий. Монгол улсад вируст гепатитын 85 хувийг “A”, 10 хувийг “В”, хоёр хувийг “С” вирус эзэлдэг байна.

ЭМЯ Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Гепатит өвчин ихэнх тохиолдолд ахуйн замаар хүнд халдварладаг. Нас баралтын үндсэн шалтгаанаар элэгний хавдар, хатуурал зонхилж байна. Энэхүү өдрөөр иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ухуулга, мэдээ мэдээллийг хүргэх зорилготой " гэв.

Улаанбаатар болон өвчлөл өндөртэй аймгуудад тархвар судлалын заалтаар “А” гепатитын эсрэг вакцинаар 49 мянга 303 хүүхдийг дархлаажуулж, халдварыг бууруулжээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 606 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны энэ үеэс 986 тохиолдлоор буурсан.

ХӨСҮТ-ийн ХӨСТА-ын дарга А.Амбасэлмаа “ Сүүлийн жилүүдэд охид, залуучууд гоо сайхны мэс засал, шивээс ихээр хийлгэх болсон. Энэ үед эмчийн хэрэглэж буй багаж хэрэгслийг ариутгасан эсэх дээр анхаарал тавих хэрэгтэй. Мөн бэлгийн замаар халдварлах явдал ихэссэн. Иймээс тогтмол бэлгийн хавьтагчтай байх, бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй” гэлээ.

Халдварт шар өвчин үүсгэч вирусээс шалтгаалан өөр, өөр шинж тэмдэг, зовиур илэрдэг байна. Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс дэвшүүлсэн дархлаажуулалтад хамарсан таван нас хүртэлх хүүхдийн дунд тохиолдох элэгний “В” вирусыг тээгчийн тархалтыг хоёр хувиар бууруулах зорилтод хүрсэн байна.

Т.Ариун

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг