sonin.mn

Наадам, найр хавтгайрсан налгар үеэр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх баривчлагдаж, унтаа байдалд ороод байсан улс төрийг цочроолоо. Түүнийг энэ сарын 29-ний шөнө АТГ-ынхан баривчилжээ. Ямар учраас гэдэг нь одоогоор тодорхойгүй. Л.Гансүх Шинэчлэлийн Засгийн газраас сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг өнгөрсөн жил хариуцаж ажилласан.

Эх сурвалжийн хэлснээр бол, түүнийг  энэ ажлыг гүйцэтгэх явцдаа их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан байж магадгүй хэмээн сэжиглэсэн гэх. Гэвч учир мэдэх хүмүүс энэ баривчилгааг авлигын гэмт хэргээс илүү улс төртэй холбон дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Л.Гансүхийн баривчилгаа нь АН доторх бусад фракциудаас “Алтангадас”-т өгсөн сануулга гэж үзэж байгаа ажээ. Ингэж дүгнэх ч үндэслэл байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газарт багтах хүсэл сөрөг хүчинд бий. Бүлгийн дарга нь энэ талаар ил тод ярьж, “АН бидэнд санал тавих ёстой” гэж улайм цайм хэлж байсан. Өнгөн дээрээ “Бид засагт орохгүй” гэж байгаа ч эрх мэдэлд санаархсан бүлэглэл МАН дотор байсаар ирсэн.

Хамгийн харамсалтай нь, “Алтангадас”-ыг хүчгүйдүүлэхийн тулд өөрсдийн эмхлэн байгуулсан Засгийн газраараа тоглоход бэлэн этгээдүүд Ардчилсан нам дотор ч байгаа бөгөөд тэд зөвлөхүүдийг нь “ангуучлах замаар” Ерөнхий сайдын нэр хүндийг унаган, улмаар Засгийн газрыг огцруулах төлөвлөгөө боловсруулж байгаа гэх. Эрх баригч, сөрөг хүчний доторх бүлэглэлүүд ашиг сонирхлоороо нэгдэнэ гэдэг юу болохыг та бүхэн ойлгож байгаа буй заа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголд эргэж ирнэ гэсэн яриа гарч байгаа нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Хэрвээ улс төр бужигнах аваас Н.Энхбаяр засагт багтахаас татгалзаж, МАНАН  байгуулагдан МАХН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ. Энэ хувилбар МАХН-д илүү ашигтай ч байж мэдэх учир экс Ерөнхийлөгчийг дуудаж байгаа нөхдүүд чухам МАНАН байгуулахыг хүсэгчид байх магадлалтай. Ийм нүүдэл хэрэгжих магадлал өндөр болсон гэдгийг Л.Гансүхийн баривчилгаа харуулж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Шөнө дүлээр баривчлагдаад явсан Л.Гансүх МАНАН байгуулахыг хүсэгчдийн золиос болов уу.

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөхийг Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс ашиг сонирхлын зөрчилтөй ойр дотныхондоо  хувь хүртээх маягаар ажил өгсөн хэрэгт сэжиглэсэн бол одоо ийнхүү ахлах зөвлөхийг нь баривчиллаа. Ерөнхий сайдын зөвлөхийн хамт энэ хөтөлбөрт ямар ч хамааралгүй, гэм зэмгүй гурван залууг хорьсон гэх мэдээлэл байна. Ерөнхий сайдын зөвлөхийг баривчилсан тухай мэдээлэл улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байгаа бөгөөд “Намрын улс төр хэлмэгдүүлэлтээр эхэллээ” гэж хэвлэлүүд бичиж эхэллээ.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнтэй хэрэгжсэн, “нүдээ олсон” ажил болж чадсанд гэр хорооллын иргэд талархаж байсан. “Нүүрс” хөтөлбөрийн ачаар өвлийн өвөлд тэнгэрт хадчихдаг нүүрсний үнэ буурч, гэр хорооллынхон халуун, дулаан өвөлжсөн гэж иргэд магтдаг.

Амьдралын бололцоо тааруу, нүүрс түлээгээ тэр бүрий бөөнөөр нь авч чаддаггүй иргэдийн хувьд чухам “аминд нь орсон” жинхэнэ бодитой тус байсан юм. Гэвч хариуцаж ажилласан хүнийг нь барьж хорьсноор энэ ажил цаашид үргэлжлэхгүй байх вий гэж тэд санаа зовж байгаа юм. Хэрвээ энэ үнэн бол “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхгүй байх сонирхол хэнд байна вэ. МАН-д уу.

Нөгөө талаар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан учраас зүй нь АТГ бодлого шийдвэр гаргасан байгууллагыг нь шалгах ёстой” гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
 

Эх сурвалж: www.mminfo.mn