sonin.mn
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойших 10 жи­лийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь  нийслэлийн нийт хүн амын дөнгөж найман хувьтай тэнцэж байгаад ноцтой дүгнэлт хийсэн Э.Бат-Үүл баатар тэргүүтэй хотын удирдлагууд нэгэн мэргэн арга бодож олсон нь цахим бүрт­гэлээр Улаан­баатарчуудыг га­­зар­тай болгох шийдвэр байв.
 
Өнгөрсөн наймдугаар са­рын 1-нээс 15-ны хоо­ронд цахим бүртгэлд 260 гаруй мянган иргэн хамрагдснаас аз од нь шовойсон 14 мянга ор­чим иргэн өөрийн гэсэн газартай бо­лох эхний алхмаа хийчих шиг л боллоо. 
 
НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өд­рийн 10/39-р тог­тоолоор бат­лагдсан Гэр бүлийн хэ­рэг­цээний зориулалтаар ир­гэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газ­рын байршил тогтоосноос эхний ээлжинд дээрх 14 мянга орчим ир­гэнд өмчүүлэхээр болоод буй. 
 
Дээрх 52 байршлыг 2014 оны газар зохион бай­гуулалтын төлөв­лө­гөөнд тусган нийслэлийн хэмжээнд Хот, тосгоны тө­лөв­лөлтийн норм ба дүр­мийн дагуу 164 620 орчим ир­гэнд шинээр газар өмч­лүүлэх боломжтой юм гэсэн.
 
Харин эхний сугалаанд оролцож газар өмчлөх эрхтэй болсон ир­гэдийн дунд сэжиг бүхий нэр ус нэлээн хэд цохиж явна.
 
Жишээ нь Сон­гино­хайрхан дүүрэгт га­зар эзэмших эрх­тэй бол­сон иргэдийн дунд УМО6310803 регистрийн дугаартай Гён Шиг, Мин Гён гэгч тууж яваа бол бас л Сонгинохайрхан дүүрэгт МЬ77112302 регистрийн дугаартай Чүлтэмийн Алтан­зул хэ­мээх аз нь атгандаа багтахаа боль­сон хүүхэн 2481,2489 дугаараар хоёр ч байршилд газар эзэмших эрх нээгдсэн бололтой юм. 
 
Аз нь шовойж газартай болох эрх нь нээгдсэн ир­гэдийн нэрсийг харж суухад нэг айлын дөрвөн ч хүний нэр цохиж л явна. Гэтэл нэг айлын 11 хүн бүртгүүлснээс ганцынх нь ч нэр гялтайгаагүй тухай гомдлыг дөнгөж саяхан сонсоод л сууж байна. 
 
Ер нь ингэхэд газрын албаныхны хэлээд байгаа “санамсаргүй байдлаар сонгосон” гэх үгний цаана хэн нэгний гар санаатай ажилчихаагүй л байгаа даа. Нөгөөтэйгүүр зөвхөн Монгол Улсын иргэн л өмчлөх учиртай газрыг хэчнээн солонгос, хятад бас бус нөхөд далдуур эзэмших эрхтэй болж байгаа бол. Үүнийг харж хянаж, цаг­даж шалгадаг газар гэж байна уу, үгүй юу.
 
Тагнуул, цагдаа, хүчнийхэн юу харж, юу хийцгээж сууна вэ. Зарим нэг нь хэдэн гэр бүлээрээ мөрөөдөөд ч дийлэхгүй сууцгаахад хэн нэгний гарын үзүүр хөдлөх шиг болоход л хэсэг бүлэг хүмүүс хоёр, гурван байр­шилд газартай болоод байвал хойшдоо жинхэнэ газрын төлөөх дажин үүсэх­гүй гэх газаргүй. 
 
Ер нь ингэхэд цахим бүртгэл үнэхээр санамсаргүй сон­гоод байна уу, хааяа нэг “санаатай” сонгуулаад бай­гаа хэрэг юм болов уу. Зарим нэг тохиолдлыг харахад үнэхээр “хуваа­рилалт нь шог” харагдаад болж өгөхгүй байна. Яах вэ эрхэм хотын дарга аа. 
 
 
Эх сурвалж: