Хоёрхон хоногийн дараа БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийх албан ёсны айлчлал эхэлнэ.
Манай эрх баригчид энэхүү айлчлалыг “түүхэн, туйлын чухал ач холбогдолтой” хэмээцгээн тун их хөл хөөрцөг болж буй. Арга ч үгүй юм. Тун саяхан л гүйцэтгэх засаглалын тэргүүн маань хоёр хөршийн тэргүүнүүдийн уулзалтыг “Тэнд хоёр хүн уулзаа л биз” хэмээн үл тоомсорлож байсныг бодвол одоо манай дээдсүүдийн хулхи нь бууж, хийморь нь хийсчихээд байгаа.
Учир нь хууль эрхзүй, улстөрийн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулагчдыг гомдоосноор тэд Монгол Улсыг тойрч давхиад байх болсон.
Хамгийн ойрын жишээ хэлэхэд 2014 он гарсаар Монголд нийтдээ 370 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Тэгвэл энэ тоо 2011 онд 4620 сая ам.доллар болж байсан удаатай.
Тэр үед Оюутолгой, Тавантолгой, уран, төмрийн хүдрийн баялаг ордуудын тухай сонсож, судалсан гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг тэр аяараа алт эрдэнэс болж харагдаж байсан нь маргаангүй.
Тиймдээ ч гадаадын шууд хөрөнгө оруулалт ёстой л өдөр шөнөгүй Монголыг чиглэн урсаж байв. Харин өнөөдөр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр, гурав биш бүр долоо дахин буурч ам.долларын ханш монголчуудыг өдрөөс өдөрт багалзуурдан дарсаар байна.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ноцтой хямарч, үнийн хөөрөгдөл ёстой л үржүүлэхийн хүрдээр өсч байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2014 онд инфляцийг найман хувьд барина хэмээн олон удаа мэдэгдэж байсан.
Тэгвэл саяхан Үндэсний статистикийн хорооноос инфляци улсын хэмжээнд 14.9 хувь, Улаанбаатарын хэмжээнд 15.4 хувьтай байна хэмээн чухам үнэнийг шулуухан мэдээлсэн. Инфляци хурдацтай өсч байгааг өргөн хэрэглээний барааны үнийн дүнгийн тун энгийн жишээнээс харж болно.
Саяхан л 1800 төгрөгийн үнэтэй байсан “Өглөө”, “Цэвэр сүү” өнөөдөр 2600 төгрөгөөр зарагдаж байгаа. Ерөнхий сайдын хэлсэнчлэн “тансаг хэрэглээ” болсон өндөг 220 төгрөгөөс дээшилсээр одоо 400 төгрөг болсныг харахад инфляци ямархуу хурдацтай өсч байгааг баримжаалж болно.
Өнгөрсөн долоодугаар сарын эцэст инфляци жилийн дүнгээрээ 14.9 хувьд хүрсэн нь ойрын жилүүдэд байгаагүй өндөр өсөлт гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд тодотгож, толгой сэгсэрцгээгээд байгаа.
Инфляци ийнхүү галзууртлаа өсөхөд орон сууц, ус, цахилгааны үнэ дүнгээрээ 2.5 хувь, тээврийн үнэ дүнгээрээ 2.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ лээ.
Түүнээс гадна Монгол хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа манай улсын гадаад өр талийж өгч байгаа. Mонгол банкны тооцоогоор Монгол Улсын нийт өр олон улсын аргачлалаар 19 тэрбум америк долларт хүрчихээд тууж яваа. Энэ нь манай улсын ДНБ-ний 170 хувьтай тэнцэж байгаа хэрэг юм.
Эндээс гадаадын хөрөнгө оруулалтыг өр гэж тооцохгүйгээр хасвал 10 тэрбум америк доллар нь манай хувийн компаниудын өр. Харин улсын өр 4.5 тэрбум орчим америк доллар болсон тооцоо бий.
Харин манай хэнэггүйхэн Ерөнхий сайд одоогоос яг жилийн өмнө “Монгол Улсын Засгийн газар чөлөөтэй хөрвөх валютаар олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2.8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашигласан.
Үүнээс 990.9 сая ам.долларыг буцаан төлөөд байгаа бөгөөд 2013 оны эхний хагас жилийн байдлаар гадаад зээлийн үлдэгдэл нэрлэсэн үнээр хоёр тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
2012 онд Монгол Улсын Засгийн газар 500 сая ам.долларын бондыг, таван жилийн хугацаатай, дөрвөн хувийн хүүтэйгээр, нэг тэрбум америк долларын бондыг 10 жилийн хугацаатай, таван хувийн хүүтэйгээр нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг Чингис нэртэйгээр Олон Улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан.
Чингис бондын хүүгийн төлбөрийг жил бүр тогтмол төлөх бөгөөд үндсэн өрийг 2018 он, 2022 онд буцаан төлөх ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Ингэхээр дөрвөн жилийн дараа Чингис бондын үндсэн өрийг дарах хүндрэл үүсч таарна.
Түүнээс гадна Самурай нэртэй бас нэгэн бондын учрыг олох ёстой. 2013 оны сүүлээр Монголын Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкинд эрсдлийн баталгаа гарган 24.3 тэрбум иенийн дүн бүхий Самурай бондыг арилжаалсан.
Ингээд 24.3 тэрбум иен Хөгжлийн банкны дансанд байршиж байсан. Эдгээр өрүүд 2022 онд төлөгдөж дуусах ёстой. Өрөө хэрхэн төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа.
Монгол төгрөгийн ханш 30 хувиар суларч, гадаадын хөрөнгө оруулалт 70 хувь огцом буурсан тун эгзэгтэй үед өмнөд хөршийн төрийн тэргүүн манай оронд айлчлан ирэх гэж байна.
Хууль эрх зүйн тогтворгүй байдал, хэтэрхий эх оронч, популистуудын шантаажнаас үргэн хулжсан гадаадын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар шийдэгдэж магадгүй 10 тэрбум ам.долларын зээлийн сургаар толгойгоо нааш нь эргүүлж болзошгүй хэмээн манай томчуул янз бүрийн л арга чарга эрэлхийлж байна.
БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаогийн Монголд хийсэн айлчлалаас хойш 11 жилийн дараа ирж байгаа өнөөдрийн хүчирхэг Хятадын дарга Си Зиньпиний айлчлалаар олон чухал гэрээ хэлцэл хийгдэж таарна.
Гэхдээ хамгийн гол нь элгээр нь хэвтүүлсэн эдийн засгаа 100 хоногт эрчимжүүлэх гэж оролдсон ч бэлэн мөнгөний гачаалд орж, яах ч учраа олохгүй байгаа өнөөдрийн эрх баригчид ДНБ-ний 170 хувьтай тэнцэж байгаа гадаад өрөө 250 хувьд хүргэхээр аргагүйн эрхэнд зээлийн гэрээнд гарын үсэг зурж л таарна. Энэ бол баталгаатай.
Ганцхан жилийн дотор Монгол Улсын гадаад өрийг 50 хувиар нэмэгдүүлж дөнгөсөн эрх баригчдад маань одоо үнэндээ Си Зиньпин даргаас бадар барихаас өөр арга үлдээгүй.
Гэтэл ядаж байхад Ногоон намын дарга гэгдэх О.Бум-Ялагчаас эхлээд Си Зиньпин даргад “Хятадууд монголчуудыг Монгу буюу тэнэг, мангар хэмээсэн ханзаар дууддаг. Найрсаг харилцааг эрхэмлэж байгаа бол тэрхүү ханзаа өөрчил” гэсэн шаардлагыг тавина гээд байдаг.
Түүнчлэн том дарга нь айлчлан ирэх сургаар хятад барилгачид энд тэнд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, Монголд авч болох хамгийн гайгүй цалингаа голж чамлаад байх болсон нь барилгын компаниудын хувьд бас нэгэн толгойны өвчин болчихоод байгаа.
Ийм л хачирхалтай хувьсгалын тохироо бүрдсэн үед БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлан ирэх гэж байна. Харин тэр даргын гар аль хэр тэнийдэг юм бол доо.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ГҮНЖИЙН СҮМИЙГ Л СЭРГЭЭХ ХҮСЭЛТ ТАВИХГҮЙ.МАНЖИЙН Э_НХАМГАЛАН ХААН ГҮНЖЭЭ МОНГОЛРУУ НАЙРАМДЛЫН БЭЛЭГ БОЛГОН ЯВУУЛЖ ТЭР ЭМЭГТЭЙ ЖИНХЭНЭ ХАНЬ ТӨРИЙН ХАТАН БОЛТЛОО ЭЭНЭГШИН ДАСАЖ НАС БАРАХДАА БИ НЭГЭНТ МОНГОЛ ХҮН БЛСОН ТУУЛ НАМАЙГ МОНГОЛ ГАЗАРТ ОРШУУЛААРАЙ ГЭСНЭЭР ЭНЭ СҮМИЙГ БАРЬСАН БАЙДА. МОНГОЛД ИРЭХЭЭС НЬ ӨМНӨ ХӨХ ХОТОД МӨН АДИЛ СҮМ БАРЬСАН БАЙСАН НЬ СОЁЛЫН ХУВЬСГАЛЫН ҮЕД ИХЭЭХЭН СҮЙРСЭНЧ МАШ САЙХАН ЭРГҮҮЛЭН БҮТЭЭН БОСГОСОН.ЭНЭ ТАЛААР БАГА САГА ХӨӨЦӨЛДӨЖ ЦУГЛУУЛСАН МАТЕРИАЛ БАЙГАА ЮМСАН.ХАЙРАН ХАЙРАН.