sonin.mn

Аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нө­лөөтэй, эдийн засгийн суурь бааз нь газрын тосны салбар гэдэг.

Монголчууд ухаан орсон цагаасаа л “Бид Оросоос шатахууны ха­маарал­тай” гэх ба­заахгүй үгийг сонсдог ч тэр үг нь байх л учиртай мэтээр ойл­­госоор өнөөдрийг хү­рэв. Гэтэл энэ салбарын то­моохон эрдэм­тэн­тэй уулз­­­вал “дэлхий да­хинд түү­­хий тосны хамаарал гэдэг ойлголт байдаггүй”-г барим тавим нотолсон юм.

Учир нь Олон улсын худал­­дааны дэг жаягаар чө­лөөтэй арил­жаа­­лагддаг, дэлхийн зах зээл дээр үнэ нь тог­тоогддог ийм л түүхий эдийг бид бензин, шатахуун гэж нэрлээд, хойд хөршөөс мөнхийн хамааралтай мэ­тээр ойлгож заншчээ.

Өнөөдөр Монгол Улс гадаадын улс ор­нуу­даас ганцхан сард 150 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулан ирж байгаагийн 100 сая нь зөвхөн шатахууны төлбөрт урс­даг юм билээ. Энэ 100 сая ам.дол­ларын ойрол­цоогоор 30 хувь нь ганцхан ОХУ-ын “Роснефть” хэ­мээх хар алтны аварга “мангас”-д ногдож байгаа. Ийм л үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тун ч давчуухан айлчлал эхэлж байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 27-нд болсон ”Ил тод уул уурхай” хурлын үеэр Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөц сайн байгааг салбарын мэргэ­жилт­нүүд нь дуу нэгтэйгээр онцлон өгүүлж байсан. Тэр хангалттай гэгдсэн нөөц нь улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц гэнэ.

Үүнээс А-80 автобензин 36, Аи-92 30, дизелийн түлш 35, ТС-1 26 хоногийн нөөцтэй байгаа талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн цохон тэмдэглэсэн. Монгол Улсад нефтийн импортоос ихээ­хэн ашиг олдог хэдхэн компани мо­но­поль тогтоогоод 20 жил болчихлоо. Тэр ком­паниуд монополь ашгаа алдахгүйн тулд Засгийн газарт нөлөөлсөөр ирсэн нь ч тодорхой.

Өнгөр­сөн хугацаанд монголчуудыг гал ал­дуул­чихалгүй өнөө­дөртэй золгуулсан ОХУ маань Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс. Олон улсын жишгийг харахад хоо­рондоо дайны байдалтай улс орнууд л газрын тосоо ний­лүүл­дэг­гүй. Бусад улсын хувьд нийлүүлэхгүй байх ёс журам байхгүй. Манай Монголын хувьд хөрш ОХУ-тай сайн хөршийн найрамдалт харилцаатай.

Гэхдээ цаашид өнөөдрийн жишгийг өөрчилж, томоохон хөгжлийн төслүүдийг хэ­рэгжүүлэн газрын тос бо­ловсруулах үйлдвэр бай­гуулах хэрэгтэй байна. “Дарханд жилд 20 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөө бэлэн болчихсон, санхүүжилтийн эх үүсвэр нь ч бэлэн” хэмээн сүүлийн гурван жил ярьсаар л байгаа.

Тэр ч байтугай барилга угс­ралтын ажлыг гүйцэтгэх гүй­цэтгэгч нь ч бэлэн гэх юм билээ. Гэтэл цаасан дээр зурагдсан тэр үйлд­вэрийн бараа, сураг чимээгүй л байна. Уг нь Монголын төрийн өмчийн оролцоотой компани, Японы гурван компани энэ үйлд­­вэрийг барьж байгуулах, ашиглалтад оруулах гэрээг өнгө­рөгч зургадугаар сард байгуулсан билээ.

2015 онд үйлд­вэрийн ба­рилгын ажлыг дуусгаад туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэн 2016 оны хавар ашиг­лалтад оруу­лахаар тохиролцоо ч хийгдсэн. Өөрөөр хэлбэл, өнөөд­рийн Засгийн газар, УИХ-ын хоёр жил хагасын хугацаанд бүрэн ашиглалтад орох бололцоотой. Тэр үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэс­лэлийн тооцоогоор улсын төсөвт жилд 470 тэрбум төгрөгийн орлого оруулах учиртай.

Түүгээр ч зогсохгүй энэ бол нэг их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, дотоодын бензиний борлуулалтын үнийг тогтворжуулах, хямдруулах, экологийн цэвэр бензин шатахуун үйлдвэрлэх, дэлхийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл гэсэн.

Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газар Дарханд нефть боловсруулах үйлдвэр босгож дөнгөвөл ёстой л Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нь гарцаагүй. Учир нь Монгол Улс хэт нь дотоодын түүхий нефтиэр өөрийн хэрэгцээг бүрэн хангах дүр зураг ажиглагдаж байгаа.

2013 онд Монгол Улс 686 мянган тонн газрын тос экспортлож, улсын төсөвт 190 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Төлөвлөгөө ёсоор бол 164 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан ч Дорнодын талаас оргилсон хар алтны буянаар ийнхүү төлөвлөгөөгөө да­вуулан биелүүлсэн. Харин 2014 оны хувьд 800 орчим мянган тонн газрын тос олборлож экспортлох тоо­цоотой байгаа.

Хэрвээ энэ зорилтоо биелүүлбэл хар алтнаасаа 227 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг. Тун удахгүй 2016 он гэхэд Монголын говиос 1.5 сая тонн газрын тос олборлож экспортлох тооцоо, судалгааг гар­гаад байгаа.

Одоогоор ОХУ-ын “Роснефть” компаниас Мон­гол Улс 25-30 ху­вийн л хараат байдлаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болж. Ер нь Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 42.6 сая тонн гэсэн. Ашиглалтын баталгаат нөөц цаашдаа ч нэмэгдэх боломж бий. Учир нь одоо илэрсэн нь зөвхөн гурван талбай дээрх нөөц гэсэн.

Түүнээс гадна нефтийн нөөц үргэлжлүүлэн тогтоох ажлууд хойшид ч эрчимтэй явагдана. 2005 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улс 3.1 орчим сая тонн нефть экспортлоод байгаа. Гаргаж буй тосоо 60:40 гэсэн харьцаагаар хувааж, манай улсын төсөвт шууд орж байгаа.

Байдал ийм учир өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох нь өнөө­дөр, зам, барилга, хөдөө аж ахуйгаас хамаагүй илүү ач холбогдолтой, Монгол Улсад нэн тэргүүнд шаардлагатай байгаа юм. Дарханд яригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж, хүчин чадлаа 100 хувь ашиглаж эхэлбэл Эрдэнэт, Таван толгой­гоос ч илүү шууд болон шууд бус орлого, ашгийг монголчуудад хүр­тээх боломжтой.

Нефтийн бүтээгдэхүүн яах аргагүй стратегийн ач холбогдолтой л юм бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байд­лыг ч тодорхой хэм­жээ­гээр сайж­руулах у чир­тай. Үүний тодор­хой жишээ нь 1990 оноос хойш бензин шатахууны тасалдал бий болж, улсаараа хүнд байдалд хэд хэдэн удаа орж байсан явдал мөн.

Хямралаас гарах, нефть-химийн томоо­хон боловс­руулах үйлдвэр байгуулах нь Монголын үндэс­ний том бахархал байх болно. Дэлхийн улс ор­нуу­дын 85 хувь нь гад­наас бензин импортлон амь­дар­даг юм байна.

Газрын тосоо өөртөө боловсруулж, экспортлодог 30 гаруйхан улс байдаг. Энэ ч үүднээс саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч Монголоос олборлож буй газрын тосонд суурилсан боловсруулах үйлдвэр бай­гуулах нь зүйтэй гэж үзсэн.

Харин Дарханы боловсруулах үйлд­вэрийн хувьд импортын газрын тосонд суурилахаар тооцоо, судалгаа хийгдсэн юм билээ. Тэгэхээр үндсэндээ Дарханы боловсруулах үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэхээр ойлгогдож байгаа. Хэрвээ өөрийн орны олборлолтод тулгуурлаж үйлдвэр байгуулна гэх юм бол гол сэдэв Тамсагийн сав газрын олборлолт байх нь ч ойлгомжтой.

Манай улсын газрын тосны олборлолтын 90 хувийг Тамсагаас хангаж, 700 гаруй мянган тонн газ­рын тос олборлож байгаа. Ойрын хоёр жилийн дотор жилд 1.5 сая тонн газрын тос олборлож эхэл­бэл Сайн­­шанд, Чойрт боловс­руу­лах үйлд­вэр байгуулах чиг­лэлээр дорвитой ажиллах шаард­лага тулгарна. Тэр үед Сайншанд, Чойр руу тосоо яаж хүргэх вэ гэдэг том асуудал босч ирнэ.

Өнөөдрийн хувьд ол­бор­лосон тосоо асгаж, цут­ган урагшаа машинаар тээвэрлэж, говийн эмзэг хөрсийг мөддөө сэргэхгүй болтол нь буртаглаж байгаа. Улс орнууд авто тээврээр тосыг зөөдөггүй юм билээ. Хоолой, усан онгоц, төмөр замаар тээвэрлэснээр эдийн засагтаа ч ихээхэн үр ашиг­­тай байдаг. Энэ жиш­гийг дагаж Монгол Улс олборлосон тосоо хоолойгоор хэрэглэгчдэд хүргэх ёс­той.

Одоогоор машинаар тээвэр­лэж, маш өндөр өртөг төлж байгаа. Өнөөдөр Тамсагаас олбор­лосон газ­рын тосны тонн тутамд 60 орчим ам.долларыг зөвхөн тээвэр­лэлтэд зарцуулдаг тооцоо бий. Энэ бол маш өндөр өртөг.

Үүнийг даруйхан цэгцлэхийн тулд Сайншанд юм уу Чойрт нефть бо­ловсруулах үйлдвэр бай­гуулах л хэрэгтэй. Шата­хууны импортын төлбөрийг гадаад худалдааны санхүү­жил­тийн бусад механизмаар солих саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд та­вихаар зэхэхийн оронд ирээдүйд Монгол Улсыг эдийн зас­гийн хувьд эрх чө­лөөтэй болгох нефть боловс­руулах үйлдвэрт х­ө­рөнгө оруулах, хамтран ажиллах талаар зоригтойхон хэлэлцээ хийж яагаад болохгүй гэж.

Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгсэн дээ.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: