sonin.mn

Төр, хувийн хэвшлийн бизнесийн дээ­рэмчин үү гэж албаныхнаас асуу­маар санагдах юм. Учир нь ху­вийн хэвшлийн компа­ниуд арайхийн хөл дээрээ тогтож олон хүнийг ажлын байраар хангаж төрийн өмнөөс нуруундаа хүнд ачаа үүрч яваа гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.

Товчхондоо төр биз­несийн салбарынхныг “Баялаг бү­тээгчид” гэж их гоёор тодотгодог мөртлөө эргээд хамгийн их дарамт, шахалт үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл тэд баялаг бүтээснийхээ төлөө бусдаас илүү бэрх­шээлтэй тулгардаг биз­несийн салбарынханд улам л их дарамт ирэх болсон нь нууц биш. Тухайлбал төр “Номин холдинг” ХХК- ийн “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг төрийн тусгай хамгаалалтад буцаан авч байсан .

Энэхүү шийдвэрийг тус компанийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан ихэд эсэр­гүүцэж ийнхүү ярьж байсан юм.
Тэрбээр “Төр хувийн хэвшлийг хэтэрхий дарам­талж байна”, “Та нар нэг байр нэг жилийн гэрээ хийж түрээслээд төлбөрийг нь 3, 3 сараар нь хийгээд явж байтал сүүлийн гурван сарын мөнгийг авчихаад түрээсийн хугацаа болоогүй байхад эзэн нь юмаа мэдэж байна гээд та нарыг хөөгөөд эхэлбэл яах уу.

Дээрээс нь байр сулла гээд тог усыг чинь таслаад байвал яах уу? За гаръя гэлээ тэгвэл урдчилаад төлсөн мөнгийг чинь буцаахгүй гэвэл яах уу? Сайн бод. Хэн ч уурлана. Тэр татвар, хувийн хэвшил энд хамаагүй.

Төлсөн төл­бөрийг нь авч үлдээд байраа авчихаад удахгүй бо­лох хувьчлалаар нэг хүн хувьчилж авах гэсэн оролд­лого. Хувьчлалын талаар ард иргэд мэдэж байгаа юу? Эсвэл хэдэн эрх мэдэлтэн далдуур хэдэн байшин ху­вийн хэвшилдээ авах гэж байна уу”,

“Ер нь ашиг хонжоо хайдаг, наймаачин, ган­зага­чин гэж элдвээрээ хэлүүлсээр өдийг хүрсэн хувийн хэвшлийнхэн, биз­несийнхэн л энэ төрийг тэжээж яваа шүү дээ. Төр гэсэн том нэрний ард нуугдсан хүмүүс бас арай биш ээ.

Ямар ч гэрээг цуцлахад эхлээд үндэслэл байх хэрэгтэй. Цуцлах бүүр эцсийн үйлдэл. Тэрнээс өмнө гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаад явах боломж байсан л байх. Ингээд ирэхээр л нөгөө төр хувийн хэвшлийн түншлэл гэдэгт итгэх арга алга даа” хэмээн мэдэгдэж байсан.

Өөрөөр хэлбэл эдийн зас­гийн энэ хүнд цаг үед ху­вийн хэвшлийнхэн өөрийн гэсэн сэргээш хэрэг­лэж дархлаатай үлдэж чад­­дагаараа ихээхэн онц­лог­той. Гэтэл төрийн нэ­рийг барьсан зарим нэг албан хаагч ху­вийн хэвшлийнхнийг илт да­рам­­талж хууль хүчний бай­гууллагаар айлгасаар байна.

Тодруулбал Нийслэлийн мэргэжлийн хя­налтын газрын дэд дарга, Улсын ахлах байцаагч П.Бат-Эрдэнэ “Да хүрээ” захын удирд­лагуудыг “Ирэх са­рын 10-н гэхэд захыг бид­ний нэрлэж заншсан 22-ын товчоо руу нүүлгэхгүй бол цагдаагийн хүчийг ашиглаж албадан гаргах болно” гэж ам мэдэн аашил­сан байх юм. Уг нь төрийн албан хаагч хаана ч очсон хүчний байгууллагын нэрийг урдаа барьж хү­мүүсийг айлгах ёсгүй.

Гэтэл олон хүнийг өч­нөөн жил тэжээж ар гэрийг нь хоолоор зал­гуулж яваа хувийн хэвш­лийнхнийг ингэж дарамтлах нь төрийн албан хаагчид байх ёстой ёс зүйн хэм хэмжээ юу гэж дахиад л МХЕГ-ын дарга Д.Батмөнх таниас асуумаар байна.

Мэдээж төр өөрсдийн явуулж буй бод­логыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Гэтэл 22-ын товчоонд байрлах тэдний барихаар зэхэж буй “Авто худалдааны цогцолбор” нь бэлэн болсон уу гэвэл үгүй.

Өөрөөр хэлбэл тус тов­чооны урд байрлах 130 га талбайд маш их асуудал байгааг хүн бүхэн мэднэ. Уг талбайгаас нэг километр хүрэхгүй зайд Туул гол урсч байгаа.

Товчхондоо хотын хөрс­ний болон агаарын бохирд­лыг бууруулах гэж нүүлгэж буй авто худалдааны төв нь нийслэлчүүдийн унд­ны усны ундарга болсон Туул голд заналхийлж буйг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Улсын ахлах байцаагч П.Бат-Эрдэнэ мэдсэн юм болов уу.

Эхлээд энэ асуудлаа шийдэж байж хувийн хэвш­лийнхэнд аархсан бол тэр их гоё харагдах байсан. П.Бат-Эрдэнэ дарга шинээр барих гэж буй “Авто ху­дал­дааны цогцолбор”-ын тал­байд биеэрээ очиж үз­сэн болов уу гэж захын түрээслэгчид хэлж байсан.

Харин энэ талаар алба­ныхан хэлэхдээ “Авто ма­шинууд цементэн талбай дээр байрлах болохоор хөрсөнд ямар нэг хоргүй” гэсэн тайлбар өгч байх юм. Угтаа бол 15 мянган орчим зогсоолд зогсох машины утаа агаар бохирдуулахгүй гэсэн үгтэй агаар нэг юм. Аль эсвэл тэнд байгаа ма­шинуудыг ерөөсөө асаах­гүй гэсэн бодлого барим­талж байгаа юм болов уу гэж ойлгохоор байгаа юм.

Ингээд “Да хүрээ” захын түрээслэгч Д.Мөнхбаатар “Би “Да хүрээ” захад есөн жил ажиллаж байна. Ер нь төр хувийн хэвшлийнхнийг ингэж боомилох хэрэг байна уу. Бид төрөөс гуйхгүйгээр өөрөө өөрсдийгөө болгоод явж байгаа хүмүүс. Харин ч улс бидний татвар төлсөн мөнгөөр амь зогоож байгаа гэдгийг энд байгаа бүх хүмүүс хэлэх байх.

Тэгээд ч энэ зах бидний амьдралын эх үүсвэр учраас бэлэн болоогүй хотын зах руу хэн нүүхийг бодох юм бэ. Бид нүүлгэхийг дэмжихгүй. Тав арван төгрөгийн ашиг харж л энд зогсдог. Иймээс өдрийн турш хүн хүлээж суух бодолгүй байна. Манай захыг нүүлгэвэл дагаж нүүх хүн үгүй байх.

Тиймээс олон хүн ажлын байргүй болж олон айл гэр хохирно гэдгийг яагаад энэ төрийн толгойд суусан хүмүүс нь ойлгохгүй байна вэ. Өчигдөр байцаагч гэж нэг хүн ирээд биднийг цагдаагаар айлгаж хүч хэрэглэнэ шүү гэж хэлж байгаад явсан. Энэ арай дэндэж байна аа. Төр ядарсан иргэдээ тохуурхах хэрэг байна уу.

Үүнээс гадна манай түрээслэгчдийн зарим нь аль хэдийнэ зам дагуу газар худалдаж аваад, авто сэлбэг, засварын шинэ газар ажиллуулах болсон. Тэд хотод үлдвэл жижиг зах олон болохоос гадна газрын үнэ өснө” гэлээ.

Бид “Да” хүрээ захын орчин тойронг ажиглахад зохион байгуулалт сайтай, авто худалдааны төв гэхэд цэвэрхэн харагдсан. Тус зах нь байгуулагдаад 20 гаруй жил болж буй ч захад гэрээтэй 600, нийт 5000 гаруй түрээслэгч ажиллаж амь амьдралаа энэ захаас л залгуулдаг байна.

Түрээслэгчдийн олонх нь Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 24 дүгээр хороонд амьдардаг аж. Иймээс техникийн за­хууд хотын зах руу шилж­вэл дагаж нүүхгүй гэж түрээслэгчдийн 70 гаруй хувь нь хэлж байсан юм.

Юутай ч захын түрээс­лэгчид төрийн энэхүү шийдвэрийг ихээхэн бу­руу­шааж бухимдангуй байсан юм. Тэгээд ч бэлэн болоогүй хов хоосон “Авто худалдааны цогцолбор”-т одоогоор ямар ч хөрөнгө оруулагч байхгүй нь үнэний ортой.
“Да хүрээ” зах бол Шар хадны эцэст байдаг. Эл газарт ямар ч дулааны төвийн шугам байхгүй гэдгийг бид бүхэн мэднэ. Уг нь “Да хүрээ” зах хотын зүүн захад байрладаг.

Эл зах нь замын түгжрэл үүсгэж агаарын бохирдолд муугаар нөлөөлөхгүй бай­маар санагдах юм. Тий­мээс төр хувийн хэвшлийнхэнд бизнесийн таатай орчин бүрдүүлж тэднээс татвар авахын тулд арай уян хатан хандах ёстой гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.

Түүнчлэн өнгөрсөн мягмар гарагт автомашины ченжүүд Хотын дарга Э.Бат-Үүлтэй тэмцэхээ илэрхийлсэн.

Яг үнэндээ хувиараа бизнес хийж улсдаа хил гаалиас өгсүүлээд, орлогын татвараа төлж буй олон мянган иргэдээ ийнхүү хөөж тууж байгаа нь шударга ардчилсан нийгэмд байх ёсгүй зүйлийн нэг.

Эцэст нь хэлэхэд “Төр бэлэн биш байж хувиараа бизнес эрхлэгчдийг ингэж дарамтлах хэрэг байна уу” гэж захын түрээслэгчид биднээр үг дайн өгүүлсэн юм.

Ямартай ч өнөөдөр “Да хүрээ” захыг хууль хяналтын байгууллагаар дайлайлган хөөж байгаа ч дараагийн ээлжинд “Өгөөмөр” зах байхыг үгүйсгэх аргагүй юм.

Р.Саруул

Эх сурвалж: