sonin.mn

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд 2014.09.05-нд Орхон аймагт “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа  4600 гаруй хүн амтай Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллав.

Тэрбээр Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн  аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермерийн аж ахуйтай танилцав. Канад улсын иргэн Жереми Тиссен 22 жил Монголд амьдарч байгаа бөгөөд анх Монголд ногоо тарих туршлагаас хуваалцахаар ирж байжээ.

Гэвч тэрбээр эрс тэс уур амьсгалтай манай оронд амьдарч, ногоо тарихын зэрэгцээ Монголын малчидтай хамтран "Занадуразорбак" нэртэй компани байгуулан махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхлэн, сар бүр эрүүл ахуйн шаардлага хангасан нэг тонн орчим үхрийн махыг 10 төрлөөр ангилан Улаанбаатар хотын зоогийн газарт  нийлүүлж байна.

Канадын иргэн Жереми Тиссен, Хутаг-Өндөр сумын малчидтай хамтран байгуулсан фермерийн аж ахуй нь нийт 200 гаруй үхэртэй юм. Тэд цаашид хүйтэн уур амьсгалд тэсвэртэй Английн Герефорд болон барууны орнуудад сүүлийн үед хамгийн их тархаж буй махны чиглэлийн үүлдэр болох хар ангус, улаан ангус үүлдрийг Монголд нутагшуулахаар ажиллаж буйгаа УИХ-ын даргад танилцуулав. Тэд жил бүрийн 11 дүгээр сард  үхрээ хашаанд тэжээн хүйтний улиралд үхрийн хашааны дулаан байдлыг хангахын тулд сүрэл дэвсдэг Канад туршлагыг нэвтрүүлжээ.

 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын фермерийн аж ахуй эрхлэгчид хэлэхдээ, цаг агаарын хүндрэл ган зудны улмаас Монгол Улсын мал сүргийн тоо толгой эрс буурах эрсдэл тулгардаг. Энэ нь хуучин арга барилаар мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх боломж эрсдэлтэй болохыг харуулж байна. Иймээс мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, хот суурин, хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжаа түшиглэн мах-сүүний болон махны, сүүний төрөлжсөн аж ахуйг эрхлэх, мах, сүүний хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болж байгааг онцолж байв.

 Фермер Жереми Тиссен хэлэхдээ, Булган аймагт өвөлдөө дунджаар -30 градусын хүйтэн болдог. Монголчууд мал аж ахуйн орон гэдэг утгаараа өргөн уудам нутагтайгаас гадна Монгол малын чанар сайн гэж боддог. Уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд өнөө цагт фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой болж буй нь сайшаалтай. Хүйтэн уур амьсгалтай улс оронд махны чанар илүү сайн байдаг. Монгол үхрийн махны онцлог нь зөв стандартын дагуу тэжээж өсгөвөл өөх, мах нь зөв зохистой хэмжээнд байдаг учраас амт чанар сайн байдгийг хэллээ. Фермерийн аж ахуй эрхлэхэд малчдад их боломж байна. Цаашдаа малын тоо толгойноос гадна чанарт анхаарах шаардлагатай байгаа. Дэлхийн ихэнх орнууд махны чиглэлийн үхрийг хагас бэлчээрийн нөхцөлд малладаг болохыг тэрээр хэлж байлаа.

Ийнхүү Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байгаа нь ажлын байр бий болгох, улмаар өсөн нэмэгдэж байгаа үхрийн махны эрэлт хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ цаашид өндөр ашиг шимт махны төрөлжсөн үүлдрийг Монголд суурьшуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Цаашид манай улсын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд олон улсын стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тулгарч байгаа. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхлэгчдийн жишгээр мах бэлтгэвэл гадаад зах зээл рүү чанартай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн мах экспортлох боломж байна гэдгийг  УИХ-ын дарга З.Энхболд фермерийн аж ахуй эрхлэгчидтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэв.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй амжилттай эрхэлж буй малчидтай уулзалт хийж, фермертэй танилцсаны дараа УИХ-ын дарга Булган аймгийн “Хонгор Агро Булган” ХХК-ийн тариан талбайд зочиллоо.

“Хонгор Агро Булган” ХХК нь 4023 га талбайд улаан буудай тариалсан бөгөөд цаг агаарын эрсдэлийг тооцоолон 3080 га талбайгаас улаан буудай хураахаар төлөвлөжээ. 2014 онд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Монгол Улсын хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлсөн. “Хонгор Агро Булган” ХХК “Алтайский-530” сортын үр оруулж ирэн тариалсан нь энэ жил эрсдэлгүй, үр шимээ өгч буйг хэлж байв.

Тариаланчдад цаг уурын бэрхшээлээс гадна тариалалт хийсэн талбайд мал орж сүйтгэдэг, үр тарианы талыг тариаланчид авч, талыг нь мал иддэг зэрэг хүндрэл тулгарч байна. Тариаланчид, малчид энэхүү асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул бодлогын хэмжээнд анхаарч үзэх шаардлагатай байгааг  “Хонгор Агро Булган” ХХК-ийн захирал УИХ-ын даргад хэлж байв.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлэхдээ, энэ жил нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийж, улаанбуудай 432.5 мянган тонныг хураан авахаар төлөвлөж байгааг танилцууллаа.

УИХ-ын даргын хөдөө орон нутагт хийж буй ажлын томилолт энэ ням гарагт өндөрлөх юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.