sonin.mn

КАИР. /ITAR-TASS/. Йемений эрх баригчид болон шиитийн жагсагчид хэлэлцээнд ахиц гарч, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах хамтарсан зөвлөлдөөн хийж эхэлжээ. Энэ тухай телевизийн “Sky News Arabia” суваг мэдээлсэн байна.

Тухайлбал, тус улсын шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилох асуудлыг хэлэлцэнэ. Харин шиитүүд наймдугаар сарын 18-нд нийслэл хот болон хотын орчимд босгосон майхан хотхонуудыг буулгаж, суултаа зогсоох ёстой байна.

Түүнчлэн өнгөрсөн мягмар гарагт нийслэл Сана хотод жагсагчдыг тараах үеэр гал нээсэн хэргийг мөрдөн шалгах шийдвэрийг тус улсын Ерөнхий прокурор гаргасан тухай телевизийн “Sky News Arabia” суваг мэдээлжээ. Энэ үеэр 7 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан байна.

Тухайн үед жагсагчид Засгийн газрын ордон руу нэвтрэхийг оролдсон бөгөөд үүний хариуд хүчнийхэн нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэжээ. Харин дараа нь буудалцаан болж, хүний амь эрсэдсэн байна.

Йемений эрх баригчид зургадугаар сарын сүүлээр нефтийн бүтээгдэхүүнд улсаас үзүүлдэг хөнгөлөлтийг хэсэгчлэн багасгахаар шийдсэн нь шатахууны үнэ хоёр дахин өсөхөд хүргэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг