sonin.mn

ОХУ-ын Нүүдэлчний соёл, иргэншлийн музейн захирал Константин Куксин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нарын санаачлагаар мөн орос, монголын холбогдох байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр Халхын голын байлдааны Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Москва хотноо 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Танкийн дурсгалын хөшөө босгов.

Уг арга хэмжээг музейн захирал К.Куксин, Элчин сайд Ш.Алтангэрэл нар нээж, ОХУ-ын Төрийн думын гишүүн, “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хурлын гишүүн Баяр Жамсуев, Халхын голын байлдааны ахмад дайчин бэлтгэл хурандаа Николай Кравец, «Монголын анд нөхөд» нийгэмлэгийн дэд тэргүүн Владимир Бабушкин нарын төлөөлөгчид оролцож үг хэллээ.

Элчин сайд Ш.Алтангэрэл, ОХУ-ын “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, бэлтгэл хурандаа Николай Кравец нар дурсгалын тууз хайчилсаны дараа ОХУ, Монгол улсын төрийн далбааг залж, төрийн дуулал эгшиглүүлэв.

Уг арга хэмжээний үеэр ОХУ-ын “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хурлын гишүүн Баяр Жамсуев нарт Халх голын байлдааны Ялалтын 75 жилийн ойн дурсгалын медалийг Элчин сайд Ш.Алтангэрэл гардууллаа.

Үүний дараа ёслолын ажиллагаанд оролцсон төлөөлөгчид тус музейн хамт олны бэлтгэсэн урлагийн тоглолт үзэж, музейн үзмэрүүдтэй танилцсаны дотор хөшөөний дэргэд монгол гэрт байрлуулсан Халх голын дайны үеийн цэргийн эд хэрэглэл, галт зэвсэгийн олдворууд ихээхэн сонирхол татаж байв.

Москва хотноо бүтээсэн энэхүү Т-26 танкийн хөшөө нь ОХУ-д Халхын голын байлдааны баатруудад зориулан босгосон анхны дурсгалын байгууламж гэдгээрээ Халхын голын байлдааны Ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг болж байна.