sonin.mn

Уг хуралд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Оюунчимэг, НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл, ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн нар оролцов.

Өвчтөн “М” нь 15 настай, эрэгтэй. ЕБС-ийн сурагч. (2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр) тарваганы түүхий давсаг залгиснаас болж халдвар авчээ. Түүний аав нь тарваганы хүн мах, ээж нь цөсийг нь түүхийгээр залгиж, махаар нь боодог хийж идсэн байна. Маргааш өдөр нь хүү халуурч, хоолой өвдсөнөөр эрүүл мэндийн байгууллагад ханджээ.

2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 45 минутад Өвөрхангай аймгийн Сант сумаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсныг мэдээлсний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж 8 эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний үр дүнд тулгуурлан тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эцэслэн баталгаажуулсан байна.

Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа юм байна. Сумын Засаг даргын захирамжаар сумын төвд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хөл хорио тогтоож, 1-р хавьталд орсон 62 хүнийг тогтоож, иж бүрэн үзлэг хийн, тусгаарлан, сэргийлэх эмчилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар эдгээр хүнээс тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна.

Хөл хорионы эцсийн хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуусах юм. Тус сум тарваган тахлын голомтот бүс нутагт хамаардаггүй аж.

Тарвага агнахыг хуулиар хорьсон боловч иргэд хориотой ан хийж, амьтны махыг боловсруулалгүй хэрэглэснээс болоод халдварт өвчний эрсдэл учруулсан болчимгүй үйлдэл гаргаснаас голомтыг хяналтад авах, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авахад улсаас нийт 56.7 сая төгрөгийг өнөөдрийн байдлаар зарцуулаад байгааг ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн хэллээ.

Цаашид иргэд, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, санамжийг биелүүлж, аливаа эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо сэргийлэн, хууль дүрмээ чанд сахиж байх үүрэгтэйг сануулахын сацуу тарвага агнахыг хуулиар хориглосон нөхцөлд хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүллээ.