sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Сири, Иракт томоохон газар нутгийг эзлэн авсан “Лалын улс” бүлэглэл нефтийн борлуулалтаас өдөрт 3 сая гаруй доллар олж байгаа нь тус бүлэглэлийг түүхэн дэх хамгийн баян террорист байгууллага болгож байна. Энэ тухай АП агентлаг Америкийн тагнуулын мэдээллээс иш татан мэдээлжээ.

Одоогийн байдлаар Сири, Иракийн нутаг дэвсгэрт “Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзэлтнүүд 11 нефтийн орд газрын хянаж байна. Эдгээр орд газарт олборлосон нефтиэ Иордан, Турк болон Иракийн хар зах дээр борлуулдаг ажээ. АП агентлагийн тэмдэглэж буйгаар, тус бүлэглэлийн нэг торх нефтийн үнэ 25-60 долларын хооронд хэлбэлздэг бол дэлхийн зах зээлд нэг торх хар алтны үнэ 100 доллар давсан байгаа билээ.

Америкийн тагнуулын албаны тооцоолсноор, “Лалын улс” бүлэглэлийн орлого олж байгаа нефтийн орд газруудад АНУ агаараас цохилт өгч хөнгөхөн устгах боломжтой. Гэвч агаарын цохилтод энгийн иргэд өртөж болзошгүй гэж болгоомжилж байгаа учир Вашингтоны эрх баригчид ийм шийдвэрийг хараахан гаргаагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг