sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Украинд гал зогсоох тухай Минскийн хэлэлцээр хэрэгжсэн тохиолдолд Орост сүүлд авсан хориг арга хэмжээг АНУ цуцлахад бэлэн байна. Энэ тухай Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф мэдээлсэн байна.

“Хэрэв ОХУ есдүгээр сарын 5-нд Минскт байгуулсан хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлбэл сүүлд авсан хориг арга хэмжээг цуцлах зам нээгдэнэ. Минскийн хэлэлцээр болон гал зогсоох тухай хэлэлцээрт заасан 12 алхам хэрэгжиж байгаа эсэхийг бид хянах ёстой” гэж Харф мэдэгджээ. Түүний хэлснээр, Москва Украины байдлыг улам түгшүүртэй болговол нэмж хориг арга хэмжээ авахад хүргэнэ.

Үүнээс гадна, гал зогсоох дэглэм зөрчигдсөнд сэтгэл түгшиж буйгаа Төрийн департаментын төлөөлөгч илэрхийлсэн байна. Тэрбээр үүнд босогчдыг буруутгажээ.

АНУ болон Европын Холбоо энэ сарын 12-нд ээлжит хориг арга хэмжээг ОХУ-д авсан билээ. Хоригт Оросын нефть, батлан хамгаалах болон банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд багтсан байна.

Энэ үйлдэлд адилхан хариу арга хэмжээ авна гэж Москвагийн эрх баригчид мэдэгдсэн юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг