sonin.mn

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалд хийсэн шалгалтын талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас танилцуулав.

НМХГ-ын 2014 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд явуулсан уг шалгалтын дүнд давхардсан тоогоор 43 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгах шаардлага хүргүүлжээ. Зөрчлийн дийлэнх нь  Дүүргүүдэд соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн байхгүй, өөр албан тушаалтан давхар хариуцсан нь илрэв. Мөн барилга архитектурын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрх зүйн болон соёлын дурсгалт зүйлүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт дутмаг байжээ.

Тиймээс НМХГ-аас соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, хадгалалт хамгаалалт хангалтгүй байгаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн холбогдох албан тушаалтныг  100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд хэдэн төрлийн түүхийн үл хөдлөх үнэт өв байна вэ?
-Хадны зураг бичиг 2, булш хиргисүүр болон тахилгын байгууламж 3, барилга архитектур 15, хөшөө дурсгал 133 байна. Үүнээс улсын хамгаалалтад 9, нийслэлийн хамгаалалтад 10, дүүргийн хамгаалалтад 134 байна.

-Сэргээн засварлах шаардлагатай хэдэн соёлын өв байгаа вэ?
-Сэргээн засварлах шаардлагатай олон өв бий. Сүүлийн жилүүдэд түүхийн өв бүхий барилга байгууламж, хөшөө дурсгалыг сэргээн засварлахдаа хот тохижолттой холбож үзэх болсон нь туйлын буруу юм.

Өөрөөр хэлбэл, түүхийн дурсгалт барилгыг сэргээн засварлахад  архитектурын шийдэл, барилгын материалыг судлах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хот тохижилт, өнгө үзэмжийг нь сайжруулж байна гээд хуучны зосон будган барилгыг энгийн будгаар будаж үнэт өв, эртний хэв шинжийг алдагдуулаад  байна.

-Нийслэлд байрлах хөшөө дурсгалуудын байршлыг солих тохиолдол гардаг. Энэ талаар?
-Энэ оны тавдугаар сард “Соёлын өвийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуулийн хүрээнд аливаа хөшөө дурсгалыг байршлыг солихдоо хадгалалт, хамгаалалтыг өндөр түвшин явуулж, эвдэлж гэмтээхээс сэргийлэх ёстой.

Мөн хөшөө дурсгалын бүртгэлийг түүхэн он цагийн болон хотын өнгө үзэмжид нөлөөлөх хөшөө гэж ангилах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2014 онд шинээр барьсан хөшөөг түүхэн дурсгалт хөшөө гэж бүртгэж авдаг нь учир дутагдалтай юм.

-Зам засвар, бүтээн байгуулалттай холбоотойгоор нүүлгэн шилжүүлэх тохиолдол их гарч байна?
-Хотын бүтээн байгуулалттай холбоотой зарим хөшөө дурсгалыг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайлбал, “Гудамж төсөл”-ийн хүрээнд Л.Энэбишийн хөшөөг нүүлгэн шилжүүлсэн. Энэ хөшөөг буцаагаад байрлуулахдаа хуучин байснаар нь байрлуулж чадах уу гэдэг хэцүү.

Мөн Сайн ноён хан Намнансүрэнгийн 1913 онд Дунд голын урд бариулсан “Гоожингийн өндөр” гэх барилга байдаг. Уг барилга нь тус дүүргийн зургаадугаар хороо 21 дүгээр сургуулийн зүүн талд нийтийн эзэмшлийн талбайд байрладаг ба иргэн н.Мөнх-Эрдэнийн эзэмшилд байдаг.

Гэвч төсөв хөрөнгө гаргаж барилгыг сэргээн засварлаагүй учир байшин бүхэлдээ эвдэрсэн.

-“Гоожингийн өндөр”-ийн газар яагаад хувь хүний эзэмшилд очсон юм бол?
-“Гоожингийн өндөр” гэх дурсгалт газар хэнд харъяалагдах нь тодорхойгүй байна. Бид Баянзүрх дүүргийн газрын албанаас тодруулахад иргэний тухай барилгын газар иргэний мэдэлд байдаг гэсэн тайлбар өгсөн.

Тиймээс иргэнд тухайн соёлын өвийг хамгаалаагүй гэх үндэслэлээр хариуцлага тооцох боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу улс, нийслэл, дүүрэг зэрэг засаг захиргааны газар түүхийн дурсгалт өвийг хамгаалах үүрэгтэй. Харин иргэн түүхийн өвийг хамгаалах үүрэг хүлээхгүй шүү дээ.

-Зарим түүхийн дурсгалт барилгуудын зориулалтыг өөрчилсөн тохиолдол байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Үүнийг бас анхааралдаа авах ёстой асуудал. Хуульд түүхэн дурсгалт өвийн зориулалт өөрчилсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар заагаагүй.

Ч.Ариунболд | Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг