sonin.mn

Монгол Ардын Намын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн-2014 “Бидний шийдэл - Шинэ хот, Хамтдаа шийдье” уриатайгаар ОУ-ын Найрамдал зусланд үргэлжилж байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг зөвлөгөөнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй удирдлагууд, мөн нийслэл болон есөн дүүргийн МАН-ын намын хорооны төлөөлөгчид оролцлоо.

Тэд хотын хөгжил дэвшил, эдийн засгийн орчин, иргэдийн амьдрал ахуйг сайжруулах талаар шинэ гарц, гаргалгаа гаргаж санал бодлоо чөлөөтэй солилцож буй юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар “Бидний шийдэл-Шинэ хот” илтгэлдээ нийслэл хотын төвлөрлийг сааруулж, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, хотыг гадагш тэлж шинэ хотуудыг бий болгох” зэрэг чухал саналуудыг дэвшүүллээ.

“Монгол Ардын Намын гол зорилго нь 2016 оны сонгуульд зөв шийдэл гаргаж зохион байгуулалттай оролцож, ялалт байгуулах явдал. Тиймээс зөвлөгөөнөөс гаргасан шийдлүүдийг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, улам боловсронгуй болгож, баяжуулна” гэдгийг зөвлөгөөнд оролцлогчид онцоллоо.

Энэ хүрээнд Монгол Ардын Нам бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж эхлээд байгаа ба төв болон зүүн бүсийн зөвлөгөөнөө өнгөрсөн сард амжилттай зохион байгуулсан билээ.