sonin.mn

XX дугаар зууны нам төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр түүний гэрэлт хөшөөнд МАН-ын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ажиллагаанд МАН-ын Удирдах зөвлөл, Хэрэг эрхлэх газар, Ю.Цэдэнбал академи, нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд, үе үеийн гишүүд дэмжигчид, нутаг усны ахан дүүс болон Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү 89 настай Ю.Аюуш, 86 настай Ю.Жавзан, ач охин Анастасия Зориговна Цэдэнбал нар оролцов. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ үеэр хэлэхдээ “Ю.Цэдэнбал төрийн үйл хэргийг хагас зуун жил удирдахдаа 1945 оны бүх нийтийн санал хураалтын комиссын орлогч даргаар томилогдон зохион байгуулж, улс эх орныхоо тусгаар тогтнолыг дэлхийн тавцанд баталгаажуулан Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлж чадсан түүхэн гавьяатай хүн юм.

Мөн тэрээр түүхийн эгзэгтэй цаг мөчид удирдлагыг гартаа авч 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, их хөрш гүрнүүдээр торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл хэргийг гардан зохион байгуулсан бөгөөд атар газар эзэмших, бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ эрүүл, соён гэгээрсэн бичиг үсэгтэн болох үйлийг удирдан манлайлсан удирдагч юм.

Мөн бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсон Азийн анхны улс болж, ЮНЕСКО-гийн шагнал хүртэж, Монгол хэмээх нэрийг дэлхий нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монголын ХАА, дэд бүтэц, газар тариалан, хот байгуулалт, эрүүл мэнд, гадаад харилцаа, батлан хамгаалахаас эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбалын үйл хэргээс салгахын аргагүй. Түүний бүтээн байгуулсан суурь хөрсөн дээр өнөөгийн Монголын амьдрал үргэлжлэн, үр шимийг нь хүртэж байгаа гэдгийг мартах учиргүй” хэмээн онцоллоо.

Мөн үеэр Ю.Цэдэнбал академийг төлөөлж н.Жамбалдорж, доктор профессор С.Галсан болон УИХ-ын гишүүн Ч.Улаан нар үг хэлэв. УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь Монголын төрийг 44 жил тасралтгүй тэргүүлэхдээ шинэ цагийн Монгол орныг бүтээн байгуулах их ажлыг биечлэн зохион байгуулсан гарамгай зохион байгуулагч байсан гэдгийг тэмдэглэв.

Түүнчлэн энэ үеэр түүний ач охин Анастасия Зориговна Цэдэнбалтай уулзаж, өвөөгийнх тухай дурсамж болон өнөөдрийн үйл явдлыг хэрхэн үнэлж цэгнэж байгаа талаар сонирхсон юм. Тэрбээр, “Би өвөөгөө нам төрийн ажлаас бууснаас нь хойш буюу 1985 онд төрсөн. Би өвөөтэйгээ 6 нас хүртлээ хамт амьдарсан. Өвөө маань миний хувьд эгэл жирийн, хамгийн сайн өвөө гэдгээрээ дурсагддаг.

Бид өвөөгийн төрсөн өдрийг гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэдэг. Он жил улиран өнгөрөх тусам миний өвөөгийн улс орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, зүтгэж ирснийг зүй ёсоор үнэлж байдагт сэтгэл хангалуун байдаг. Өвөөг маань Монголын төр засаг хүндэтгэж байгаад баяртай байна” гэв.  

2016 онд түүний 100 насны ой тохиох бөгөөд ойн арга хэмжээг ёслол хүндэтгэл дүүрэн өнгөрүүлэх ажлыг УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуцан ажиллахаар болсон аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг