sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын орон нутаг дахь ажлын томилолт үргэлжилж, өчигдөр Замын-Үүд суманд ажиллаж, нут­гийн иргэд, бизнес эрх­лэгчид­тэй уулзлаа.

Тус сум БНХАУ-ын Эрээн хоттой хиллэдэг учраас Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур төв болж хөгжиж буй ч Чөлөөт бүс байгуулах асуудлыг эрх зүйн хүрээнд яаралтай шийдвэрлэхгүй бол хөрөнгө оруулах асуудал хүлээгдсээр байна гэдгийг бизнес эрхлэгчид тодотгож байв.

Мөн уг хууль нь олон салаа утгагүй, ойлгомжтой тодорхой байх ёстой гэдгийг онцолж байна. Нөгөө талдаа урд хөрш рүү өдөрт 2-3 удаа гарах болоход тэр бүрт долоон төрлийн бичиг баримт бүрдүүлж хил гаалиар нэвтрэх эрх үүсдэг нь хүнд суртлыг бий болгож байна.

Түүнчлэн чөлөөт бүс дэх газрыг яг ямар хэлбэрээр ашиглуулах эсэхийг тодор­хой болгох шаард­лагатай гэсэн саналуудыг хэлсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Уг хуулийн төсөлд тусгас­наар тухайн чөлөөт бүсэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй л бол ямар ч худалдааг хүлээн зөвшөөрнө.

Мөн гурван сая хүртэлх төгрөгтэй тэнцэхүйц барааг татвараас чөлөөлнө, чөлөөт бүсэд үйлдвэрлэж буй бараанд НӨАТ ногдуулахгүй, хувийн хэвшлийнхэн хө­рөнгө оруулах боломж нээлт­тэй зэрэг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Чөлөөт бүсийн хуультай харь­цуулахад илүү уян ха­тан зохицуулалтыг тусгаж өгчээ. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бүс байгуулах ажил урагштай яваагүй нь, зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг харж суухаас аргагүй хатуу нөхцөлтэйгээр хуулийг ба­талсантай холбоотой аж.

Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулах асуудал өнөөдөр түүхийгээрээ байна. Нийт 900 га газрыг хамруулан чөлөөт бүс байгуулах шийд­вэр гарсан атал хашаа ч баригдаагүй. Харин бизнес эрхлэгчид 2004 оноос эх­лэн Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулагдахыг харж суусаар өдийг хүргэжээ.

АН-ын бүлгийн дарга энэ өдөр Замын-Үүд дэх хилийн боомтын үйл ажиллагаатай мөн танилцлаа.

Эх сурвалж: