sonin.mn

Өчигдөр анхны цас орлоо. Анхны цас орох байгалийн энэ л үзэгдлээс үүдэн бичигч би бээр бүтэн жил хөөцөлдсөний эцэст гартаа оруулж авсан баримтынхаа нэгээхэн хэсгийг дэлгэхээр шийдлээ.

Учир нь анхны цас орохтой зэрэгцэн хууль бус ан авлагаа эхэлдэг тул тэдгээр хууль завхруулагчдад сануулах гэсэн хэрэг. Бидний олсон мэдээллээр хориотой ан хийгсэд 2012 оны есдүгээр сарын 9-нөөс эхэлж зэрлэг гахай, хандгай унагаж эхэлжээ.

Харин хамгийн сүүлд 2013 оны 11, 12 дугаар сард хоёр хоногийн хугацаатайгаар анд мордсон байдаг. Ингэхдээ 10 гаруй бодон унагаж машинд ачиж иржээ.

Тэд 2012-2013 онд нийт таван удаа хууль бусаар ан авласан байна. Эдгээр таван удаагийн үйлдлийн гурав дахийг нь УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаяр үйлдсэн байдаг юм.

Тэрбээр гахай агнаж байгаад буу алдаж хөлөглөж явсан онгоцныхоо шатахууны савны дээд хэсэгт нь оносон байдаг. Азаар онгоцны шатахуун бага байсан учир дэлбэрээгүй бөгөөд тухайн үед хэргийг хав дараад өнгөрчээ. Энэ хэргийг таг чиг дарж байсан нөхдүүд хожим нь ил болгосон юм.

Мөн өнгөрөгч наймдугаар сарын эхээр Булган аймаг болон Эрдэнэтийн Хялганат тосгоныг зориход тус аймгийн нэрээ хэлэхийг үл хүссэн иргэд “Машины тэвш дүүрэн зэрлэг гахай агначихаад тэднийгээ шуудайлаад явдаг. Буудаж байгаа эзэд нь харагддаггүй.

Харин шуудайлж байгаа хүмүүс нь УИХ-ын гишүүдэд үйлчлэхээр дагаж ирэгсэд, бас тэдэнд үйлчлэх ёстой нутгийн тодорхой албан тушаалтнууд байдаг. Орон нутгийг минь хөгжүүлэхийн оронд ан амьтдыг нь үгүй хийж, хууль зөрчиж байгаа дарга нар бусармаг үйлдлийг нь харсан хүнийг нударчихаж ч мэднэ” гэсэн айдастай байдгаа нуулгүй ярьж байсан юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хуулийг батлалцдаг эрхэм гишүүд өөрсдөө хуулиа уландаа гишгэлж хориотой ан хийхдээ улсын хөрөнгийг ёстой л гарынхаа салаагаар урсгадаг байна. Тэд зэрлэг гахай унагахаар хорхойсон явахдаа цагт 1000 литр бензин шатаадаг.

Өөрөөр хэлбэл, ангийн хорхойтнууд нэг удаагийн нислэг үйлдэхдээ 4-6 рейс хийдэг бөгөөд Улаанбаатар-Минж, Минж-Улаан­баатар, Улаанбаатар-Минж, гэсэн маршрутаар нисч 3-4 хоногт 10 сая орчим төгрөгийг өлхөн зарцуулдаг байна. Нэг удаа­гийн нислэгт ийм тооны төгрөг зарцуулдаг гэхээр таван удаагийн нислэгт багаар бодоход 50 сая төгрөг зарцуулсан гэсэн үг.

Энэхүү эрэн сурвалжлах нийтлэлийг үргэлжлүүлэн хүргэх болно.

С.Цээл

Эх сурвалж: