sonin.mn

ПХЕНЬЯН. /ITAR-TASS/. Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн /ПДЭХС/ THAAD хөдөлгөөнт цогцолборыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулах нь “улс төр, цэргийн сөргөлдөөнд болон Зүүн Хойд Азид зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэнэ”.

Энэ тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд нийтлэгдсэн Солонгосын төв цахилгааны мэдээний агентлагийн /СТЦМА/ тайлбарт дурджээ. “БНАСАУ-ын өсөн нэмэгдэж буй аюул заналхийллээс хамгаалах зорилгоор” Америкийн ПДЭХС-ийн гол хэсэг болсон пуужингийн төхөөрөмжийг Солонгосын хойгийн өмнөд хэсэгт байрлуулахаар төлөвлөж байгаа тухай Вашингтоны мэдэгдэлд СТЦМА ийнхүү хариу өгсөн байна.

Тус агентлагийн үзэж буйгаар,  Ази, Номхон далайн бүс нутагт ноёрхлоо тогтоох бодлогоо хэрэгжүүлэхийн тулд АНУ Өмнөд Солонгосыг ашиглаж байгаа бөгөөд энэ зорилгоор цаашид тус улсыг бусад том гүрэнтэй сөргөлдөөний бэхлэлт болгон хувиргахаар зорьж байна. Энэ нь эцэстээ Ази, Номхон далайн бүс нутагт томоохон зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж СТЦМА анхааруулжээ.

Тайлбараас үзэхэд, “Умардын аюул заналхийллийн” эсрэг тэмцэх нэрийдлээр АНУ Ази, Номхон далайн бүс нутагт төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаад Пхеньяны эрх баригчид их дургүйцэж байна.

Хэрэв Америкийн THAAD хөдөлгөөнт цогцолборыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулбал цөмийн чадавхиа нэмэгдүүлнэ гэж Умард Солонгосын эрх баригчид урьд нь мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг