sonin.mn

ПАРИС. /ВВС/.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар Украинд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна.

Тэд өчигдөр Францын нийслэл Парис хотод уулзаж, Украины Засгийн газар болон Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд хооронд өнгөрсөн сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн тухай хэлэлцжээ.

Гал зогсоох хэлэлцээрт тусгасан бүх заалтаа ОХУ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Керри хэлэхийн сацуу Украины нутаг дэвсгэрээс бүх цэрэг, зэвсэглэлээ татаж, баривчлагдсан бүх хүнийг суллахыг ОХУ-аас дахин шаардсан байна.

Харин “Украины Засгийн газар болон салан тусгаарлах үзэлтнүүд энэ мөргөлдөөнийг шийдвэрлэх ёстой” гэдгийг Лавров онцлон тэмдэглэж, Украины хямралыг оролцогч гол талууд зөвхөн яриа хэлцээгээр шийдвэрлэнэ гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: