sonin.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид  БНСУ-ын Сөүл хотноо  саяхан болсон “Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн асуудлаархи Дэлхийн Бага хурал”-ын 3 дугаар Их хуралд оролцов.

Дэлхийн 92 орны Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, Дээд шүүхийн Тэргүүн шүүгч, шүүгчид болон олон улсын нэр хүндтэй байгууллагын  нийт 300 гаруй төлөөлөгчид оролцсон энэхүү Их хурлыг Европын Зөвлөлийн Венецийн комисс, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх хамтран “Үндсэн хуулийн шүүх ба нийгмийн интеграцчлал” сэдвийн дор зохион байгууллаа.

Манай төлөөлөгчид Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэгийн салбар хурлын үйл ажиллагаанд оролцов. Их хурлын үеэр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч ноён Парк, Хан–Чулын тавьсан Азийн хүний эрхийн комисс байгуулах тухай саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа  БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч ноён Ким Мүн-Хуньтай уулзаж, энэ оны 11 дүгээр сард тус хүрээлэнгээс зохион байгуулах сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудыг оролцуулахаар тохиролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа Солонгосын KBS телевиз болон “The Hankyoreh” сонинд тус тус уригдан Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн цэц, түүний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.

“Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхийн Бага хурал”-ын 3 дугаар Их хурлын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа ОХУ, Словак, Тайланд, Норвег, Турк, Украйн, Армен, Киргиз, Молдав, Бангладеш зэрэг орны Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, Дээд шүүхийн Тэргүүн шүүгчтэй тус тус  уулзаж, зарим орны Үндсэн хуулийн шүүхтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Мөн тэрээр 3 дугаар их хуралд оролцогчдод зориулан БНСУ-ын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Чунг Хонгвоны барьсан хүлээн авалт дээр хуралд оролцогчдыг төлөөлөн үг хэлсэн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.