sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй АНУ-ын тэргүүлсэн агаарын кампанит ажлыг “Хойшлуулшгүй шийдвэр” хэмээн нэрлэлээ гэж АНУ-ын цэргийн төв командлал мэдэгдэв.

Иракт, тус бүс нутагт болон дэлхий дахинд заналхийлж буй террорист бүлэглэлийг устгана гэж АНУ ба түүний түнш орнуудын өгсөн амлалтыг тусгах зорилгоор “хойшлуулшгүй шийдвэр” ажиллагаа гэж нэрлэсэн ажээ.

Уг ажиллагаа наймдугаар сарын 8-наас Иракт эхэлж, улмаар есдүгээр сард Сири рүү өргөжсөн. АНУ-ын холбоотон Ойрхи Дорнодын улс орнууд Сири дэх ажиллагаанд нэгдсэн билээ.

Мягмар, лхагва гарагуудад АНУ-ын тэргүүлсэн агаарын ажиллагааны нэгдэл Сирийн Кобани хотод агаараас 18 удаа цохилт өгч “Лалын улс” бүлэглэлийн зарим байрлалыг устгасан.

Агаараас цохилт өгснөөр бүлэглэлийн хэдэн зуун босогчийг устгасан хэдий ч тус хот бүлэглэлийн гарт орох аюултай хэвээр байна гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Агаарын цохилтууд тус бүлэглэлийн эрчийг бууруулах төлөвгүй байна. Сири дэх “Лалын улс”-д агаарын цохилт өгч байгаа хэдий ч хуурай замын цэрэг оруулахгүйгээс энэ тулаан удааширч байна гэж шинжээчид үзэж байгаа ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: