sonin.mn

Сүүлийн үед “Түгжилдэх” гэдэг үг манай улс төрд жинхэнэ од болж байгаа. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “АН-ын түгжил” гэж МАН-ынхан дүгнэж суухав. Тиймдээ ч хааяа МАН-ынхан намдаа хэрэгтэй зүйлд түүнийг хөөрхөн ашиглаад авдаг сурагтай.

Нэгэн цагт сандарч явахдаа АН-тай гар барин гүйж ирсэн тэмцэгч Ж.Батзандан АН-ын гишүүн болсноор хэзээ ч мөрөөдөөд бүтэхгүй байсан УИХ-ын гэх албанд очсон нь гарцаагүй үнэн.

Гэтэл “Уусан хундага руугаа шороо асгана” гэдэг шиг 2012 оны сонгуульд АН ялж, засаг барих болсноос хойш түүний намдаа гомхорсон тэмцэл өдий хүртэл үргэлжилж байгаа.

Үнэндээ бол өөрөө УИХ-ын гишүүн болоод зогсохгүй сайдын суудал мөрөөдөж өөрийн төрсөн  ах нарыгаа томоохон албанд томилох тухай тохироо хийх гээд чадаагүй болохоороо өдий хүртэл ингэж яваа гэх яриа ч ордноор “бор шувуу” шиг нисэлддэг.  Түүний гомдол үргэлжилсээр саяхан Засгийн газрыг огцруулах МАН-ын бланк дээр эрхэм гишүүн гарын үсэг хэнэгч үгүй зурчихаад гадагшаа алга болж өгсөн.  

Түүний энэ үйлдэл ардчиллын 25 жилийн түүхэнд байгаагүй гэдгийг ч хэлэх нэгэн байна.  Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг байдаг ч албан тушаалд тийм их хайртай гишүүн маань Н.Алтанхуягийн танхимыг унгаачихвал МАНАН байгуулж өөрөө сайд болно гэсэн гэнэн мөрөөдөл нь одоо ч гэсэн толгойд яваа бололтой.