sonin.mn

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Засгийн газрыг огцруулах асуудал бослоо. Уг нь Н.Алтанхуяг сайд Засгийн газарт цомхотгол хийгээд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байсан. Улс төр ундарч байгаад АН ямар байр суурьтай байгаа бол?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Түүний дагуу яамдыг ямар сайдаар толгойлуулж ажиллуулах вэ гэдэг асуудал яригдаж байтал МАН-аас Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн нь өнгөрсөн баасан гаригийн асуудал. Энэ нь АН дотооддоо бий болгосон зөрчил биш. МАН-аас босгочихоод буй зөрчил.

Бид буюу АН Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Н. Алтанхуяг сайдын ажил муу, урагшлахгүй, буруу байвал үндэслэлийг нь манай намын гишүүд өөрсдөө дэвшүүлээд огцруулж байна.

Түүнээс биш МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Шууд хэлбэл МАН-ынхны гаргасан бланк дээр АН-ын хүн гарын үсэг зураад тэр нь хэрэгжиж Засгийн газар огцорвол намын дүрэмд харш. “Байгуулсан Засгийн газраа унагах аваас намаас хөөнө” гэсэн АН-ын дүрэм байгаа.

Дүрмийн дагуу энэ асуудал шийдэгдэх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотооддоо намынхаа хурлаар ярих ёстой. Одоогийн байдлаар дүрмээ бүрэн уншаагүй хүмүүс алдаа гаргаад байна. Намынхаа гишүүдэд “Байгуулсан засгаа унагах юм бол та өөрөө буруудна шүү” гэдгийг хэлж байгаа.

-Ж.Батзандан гишүүн АН- аас хөөгдөх хэмжээнд хүрч асуудал босгосон гэсэн үг үү. Тэрээр МАН-ынхантай хүч хавсарсан?

-Дүрмээр Засгийн газраа огцруулахад оролцсон нь тогтоогдвол гэж байдаг. Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу.

-Ерөнхий сайдыг огцруулах олон хүн АН-д байгаа бололтой. Та МоАХ- ны хүн. МоАХ фракц үүнд хамгийн их хамаатай. М.Батчимэг, Р.Амаржаргал гишүүний нэр ч дуулдаж эхэлсэн?

-Би МоАХ-ны квотоор орсон ч энэ л намын хүн. Бидний саналын хуудсын ард МоАХ гэж бус АН гэж бичигдэнэ. М.Батчимэгийн нэрийн ард ч гэлээ нэг ардчилал гэж бус АН л гэж бичигддэг. Үндсэн эрх ашгийн эрэмбэ чинь нам байхгүй юу.

С.Зориг агсны үг бий дээ. Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл тэгээд хувь хүний эрх ашиг байх ёстой гэж. Гэтэл хувийн хийгээд фракцийн эрх ашгаа намаас дээгүүр эрэмбэлээд байгаа юм. МоАХ-ны хүмүүст би сануулж л байсан. Гэхдээ тэд улс төрийн хуйвалдаан хийх гээд байгаа юм биш. Үндэслэлийг нь би ихээр хүндэтгэж байгаа.

-МАН-ын гаргаж тавьсан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг ямар түвшинд хүлээж авч байгаа юм бол?

-Алдаа хийгээгүй гэж огт хэлэхгүй байгаа. Гэхдээ олон муу сонголтоос аль нь арай дээр вэ гэдэг чинь өнөөгийн Засгийн газар. Бид дангаараа ажиллаж чадахгүй. МАН-тай нийлж болохгүй байсан. Тэгэхээр сонголт нь “Шударга ёс” эвсэл хийгээд ИЗНН байсан. Энэ нь сайн нөхцөл байгаагүй гэсэн үг.

Муу нөхцөл байдалд байгаа хүнийг ажил хийсэнгүй гэж нүдээд байх нь ёс зүйгүй асуудал. Дээрээс нь түүнийг муу болгох гэж, энд тэндхийн олон зүйлийг авчирч наагаад байх юм. Тэр хүн өөрөө л хэрэг хийгээгүй бол ойр тойрных нь хүмүүсийн хэрэг ямар хамаа байна аа.

-МАХН-тай гэрээ хийсэн нь асуудлыг хурцатгах шиг боллоо?

-Их том нөлөө болж байна. Ер нь АН-аас нэр дэвшиж хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгчийн барьж байгаа томоохон бодлогын нэг нь авлигын эсрэг үйл ажиллагаа юм. Авлига гэдэг байнга өндөр албан тушаалтнуудыг онилдог.

Тэр утгаараа хамгийн өндөр албан тушаалтай Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үедээ бариад шийтгэж байсан. Ял нь дууссан эсвэл өршөөгдсөн тохиолдолд төр төмөр нүүрээ үргэлж үзүүлээд байж болдоггүй л байх.

Ямартай ч одоо энэ хүнийг МАХН-ын дарга гэдгийг хэн ч үгүйсгээгүй байгаа. Тэгэхээр бид МАХН- тай хамтран ажиллаад засгаа байгуулаад явж байгаа учраас тэр намыг төлөөлөх даргатай нь хамтран ажиллахаар гарын үсэг зурж таарна.

Тэр утгаараа бид эв зүйгээ олж ажиллах нь ёс зүйн хэрэг. Гэхдээ ийм гэрээ байгуулахаа олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлэх байтал Н.Алтанхуяг дарга өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут хариу арга хэмжээг дур мэдэж, яаран авсан нь алдаа байсан.

-Намын тань шат шатны байгууллагаас Н.Алтанхуяг сайдад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Яаж шийдэх вэ?

-Үүнийг намын бүх түвшнийхэн хэлж байна. Зарим нь хэвлэлээр, зарим нь журмаараа хэлж байна. Журмаараа хэлж байгаа нөхдийнхөө үгийг аваад “Алдаа хийчихжээ. Алдаагаа засах хэрэгтэй юм байна” гээд залруулж байна. Бид 40 жил хүчтэй удирдагчтай байсан. Хүнийг тахин шүтэж үзсэн. Дараа нь дахиад нэг хүнийг тахин шүтсэн.

“Монголчуудад энэ байдал зохихгүй юм байна” гэж үзэн "Нэг хүн төгс биш учраас бусад нь дутуугаа нөхөж явъя” гээд багийн тоглолтын системийг сонгосон биз дээ. Тийм байтал , Н.Алтанхуяг гэдэг хүнийг төгс байлгах гээд шаардаад, “зодоод” байх юм. Гэтэл бид өөрсдөө оролцож төгс болгох 'ёстой байдаг.

Намын гурван удирдлагын нэг нь Э.Бат- Үүл дарга. Тэр хүн ирээд асуудлаа ярьдаггүй. Гүйцэтгэх “ зөвлөлийнхөө хуралд нэг ч суудаггүй. Тэгсэн хэрнээ асуудал ундрахад шууд босч ирээд мэдэгдэл гаргана гэдэг таатай зүйл биш. Намаасаа хэр холдож, хөндийрснөө харуулж байгаа юм.

-Дур мэдэн шийдвэр гаргасанд нь намын даргадаа ямар хариуцлага үүрүүлэх ёстой байдаг юм. Хэлхэлдчихээд буй Н.Энхбаяр, Н.Алтанхуяг даргыг салгахын тулд Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дар гэж гишүүддээ уриалах нь ч байна?

-Э.Бат-Үүл дарга өөрийнхөө үзэл санааг илэрхийлж байгаа хэрэг. Харин миний үзэл санаа юу вэ гэвэл Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дар гэдэг буруу аргумент. Нэг л зүйл тодорхой байх ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн болохгүй байвал өөрсдөө үндэслэлээ тавиад, унага. Бухимдаад байгаа асуудлаа өөрсдөө хөндөөд дүрмээрээ тогло.

19 хүнийхээ гарын үсгийг цуглуулаад ороод ир. Тэгсэн тохиолдолд асуудлыг нам хэлэлцэнэ. Тэгээд ч өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн рүү бус АН руу дайрсан маш олон зүйл байна.

Энэ нь намын эрх ашигт хохиролтой. Үндсэн хууль зөрчсөн, хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ял үүрүүлэх гэсэн ноцтой асуудлууд байгаа учраас ийм байдлаар намын нүүр царайг харлуулж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

-Удахгүй нийслэлийн АН хуралдаж таны гаргаж ирэхийг шаардаад байгаа асуудлуудыг хөндөх юм гэсэн. ҮЗХ хуралдах боломж одоогийн нөхцөлд хэр ойрхон байна вэ. АН- ын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний сонгуульт хугацаа хоёр жилээр хэтрээд байгаа?

-Гэрээг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн юм. Ганцаараа гарч ирээд хийчихсэн зүйл ч бас биш. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Ийм гэрээг МАХН санал болгож байна.

Бид дэмжих хэрэгтэй байна. Яагаад гэвэл засагт нэгдсэн намууд хамтын ажиллагааны нарийн заалтгүйн улмаас Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байна” гэж үзэж байсан.

О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах төслийг оруулж ирсэн үед гэсэн үг.

Энэ утгагүй асуудлыг таслан зогсоогооч гэхээр хамтын ажиллагааны гэрээнд нарийн заагаагүй учраас бид хүмүүсээ барьж дийлэхгүй нь гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхэд би эсрэг саналтай байсан. Учир нь АН эвсэлтэй гэрээ хийсэн атал нэг намыг нь салгаж гэрээ байгуулахаар нөгөө нам нь гомдох юм биш үү.

Үүнийгээ тунгааж бодооч гэдэг саналЫг хэлсэн. Ерөнхий сайдын алдаа нь бүрэн хэмжээнд асуудлыг шийдээгүй байхад гэрээ байгуулсан явдал. Өнөөдөр үүнийгээ засч залруулах аЖлыг хурдан хийлээ гэж бодож байна. Хэрвээ энэ гэрээг үргэлжлүүлнэ гэвэл ҮЗХ хуралдана.

-Гэрээний гурван заалт АН-д ихээхэн уршиг тарина гэлцэж байгаад?

-Нарийн заалтууд огт хэлэлцэгдээгүй байсан. Тиймдээ ч өнөөдөр ажлын хэсэг байгуулж нэг ойлголттой болно гэдэг тийм учиртай. Н.Алтанхуяг сайдын тайлбарлаж байгаагаар “Шударга ёс эвслийн харьяанд олон яам, агентлаг газрууд байгаа. Тийм атал манайх л МАХН-ынхан гээд АН-ынхныг өшиглөөд байдаг ч юм уу. Манайхан тэдэнд ийм байдлаар ханддаг гэсэн гомдол гарсан.

Тэгэхээр ийм нөхцөлд бид хамтарсан учраас нэгнээ дэмжиж ажиллах шаардлагатай” гэж үзээд энэ заалтыг оруулсан бололтой. Яг заалтыг хийхдээ алдаатай, хоёрдмол утгаар ойлгогдохоор хийсэн байна гэж бидүгнэж байгаа. Ямартай ч энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр биш.

-Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалт байна билээ. Ингэснээр АН-ыг МАХН-д барьцааллаа гээд байгаа?

-Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөсөө хүчин төгөлдөр гэдэг маань нэр заагдсан хүмүүс гарын үсэг зурснаар хэмжигдэнэ. Одоогийн байдлаар гэрээн дээр найман хүн гарын үсэг зурах шаардлагатай юм билээ.

Манай талаас Н.Алтанхуяг даргаас гадна гурван хүн гарын үсэг зурах бололтой байсан. Тэр хүмүүс нь бүгд гарын үсэг зураагүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.

-Гэрээний нууцын зэрэглэлтэй хавсралт гэж байгаа юм уу?

-Цахим ертөнцөд тийм мэдээлэл гарсан байсан. Би гэрээ байгуулахад байгаагүй учраас байлцсан хүмүүсээс нь асуусан. Бүгд мэдээгүй гэдгээ хэлж энэ эвлүүлэг байх гэж байсан. Тэгэхэд нь би худлаа зүйл бол асуудлыг шалгуул гүжирдлэг хэмжээ хязгаартай байх ёстой гэсэн юм.

-Энэ асуудал шийдэгдсэний дараа Шадар сайдаар Ц.Цолмон гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Г.Шийлэгдамба гээд дараагийн бужигнаан үүсэхийг хүмүүс хэлж байна?

-Асуудлыг урьдчилж биш, болохоор нь ярьсан дээр байх.

-Энэ эгзэгтэй үед АН-ын дарга болох сонирхолтой хүмүүс ээлжээ хүлээж байгаад бас асуудал байгаа юм биш үү?

-Улс төрийн намуудын хууль батлагдаж намын дүрэм шинэчлэгдэх аваас хүссэн хүсээгүй АН хуралдана. Бид дүрмээрээ явах гэхээр олон асуудал босоод байгаа юм.

Эх сурвалж: vip76.mn