sonin.mn

БРЮССЕЛЬ. /ITAR-TASS/. “Эбола” вирусийн вакциныг гарган авах судалгааны ажилд зориулж Европын Холбоо /ЕХ/ 24,4 сая евро гаргасан байна. Энэ тухай Европын Комиссын тэргүүний албан тушаалаас бууж байгаа Жозе Мануэл Баррозу ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн дараа мэдэгджээ.

“Судалгааг халдварын тархалтыг тогтоон барих болон эмнэлгийн ажилтныг хамгаалах чиглэлээр явуулна” гэж тэрбээр хэлжээ.

Бүс нутагт халдвар авсан эмнэлгийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхэд хүн хүч, хөрөнгө, мөнгийг ЕХ гаргана гэж Бельгийн нийслэл Брюссель хотод болсон тус холбооны  дээд хэмжээний уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Баруун Африкийн орнуудад “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 4800 хэдийн давж, 10 мянга орчим хүн халдвар авсан байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад ногдож байгаа юм. Мали улсад уг вирусийн анхны тохиолдол илэрсэн нь нотлогдсон тухай урьд нь мэдээлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: