sonin.mn

ОТТАВА. /ITAR-TASS/. Канадын Оттава хот болон Квебек мужийн Сэн-сюр-Ришель хотод үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт тусламж үзүүлэх зорилгоор тус улсын оршин суугчид гурван өдрийн дотор 300 мянга гаруй доллар цуглуулжээ.

“Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө канадчууд “Харуулд зогсогч” хэмээх сан байгуулж, Оттава хотын Үндэсний цэргийн дурсгалын газрын харуулын цэгт амиа алдсан, 24 настай бага дарга Натан Серилло, Квебек мужид лалын шашинтан машинаар мөргөж хөнөөсөн, 53 настай түрүүч Патрис Винсет нарын гэр бүлийнхэнд туслахыг хүмүүсээс хүссэн” гэж телевизийн “CTV” суваг ням гарагт мэдээлжээ.

“Парламентад болон Батлан хамгаалах яаманд урьд нь ажиллаж байсан хүмүүс энэ санг байгуулсан.  Бид террористуудын гарт амиа алдсан цэргүүдийн ар гэрт эд материалын тусламж үзүүлэхийг хүссэн” гэж уг санг үүсгэн байгуулагчдын нэг Кейтлин Харрисон ярьжээ.

“Бидний эн түрүүний зорилго бол 10 мянган доллар цуглуулах байсан боловч гурав хоногийн дотор 300 мянган доллар хандивласан. Одоо бид бага дарга Серилло, түрүүч Винсет нарын ар гэрт энэ мөнгийг шилжүүлэн өгсний дараа 500 мянган доллар цуглуулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: