sonin.mn

АНУ-ын Нью-Йорк хотноо 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Онлайн эрх чөлөө эвсэл (ОЭЧЭ)-ийн гишүүн орнуудын уулзалтыг тус эвслийг даргалагч Монгол Улс өмнөх дарга Бүгд Найрамдах Эстони Улстай хамтран зохион байгууллаа.

Интернет дэх эрх чөлөөг хамгаалан тэмцэх зорилгоор 2011 оны 12 дугаар сарын 8-9-нд Нидерландын Гааг хотноо зохион байгуулсан олон улсын засгийн газар хоорондын бага хурлаас ОЭЧЭ-ийг байгуулах тухай шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улс энэ тухай тунхаглалд гарын үсэг зурсан анхны 15 орны нэг болсон юм. Улмаар Эстонийн Таллин хотноо 2014 оны 4 дүгээр сарын 28-29-нд чуулсан  ОЭЧЭ-ийн Сайд нарын 4 дүгээр бага хурлаас Монгол Улсыг дарга орноор сонгож, 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сарын 4-5-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

ОЭЧЭ-ийн Сайд нарын 5 дугаар бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын төв байранд зохион байгуулсан дээрх уулзалтад Үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж, дэмжих асуудлаарх НҮБ-ын тусгай элч Дэвид Кайе, тус эвслийн гишүүн орнуудаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар, мэргэжилтнүүд   оролцож   санал солилцов.

Тусгай илтгэгч Дэвид Кайе хүний эрхийн асуудал цахим ертөнц рүү өргөжсөн өндөр технологийн энэ эрин үед санаа нэгт орнууд нэгдэж эвсэл байгуулан эрх ашгаа хамгаалах яриа хэлэлцээ өрнүүлж байгааг сайшаагаад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэлдээ  тусгасан интернет орчинд байх зохицуулалт, төр засгийн бус холбогдох талуудын үүрэг хариуцлага, хүний нууц ба үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаарх дүгнэлтээ хуваалцсан байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч эл уулзалтыг удирдан явуулж,  манай улсын ОЭЧЭ-ийн даргын хувьд хэрэгжүүлж буй ажлууд болон Сайд нарын 5 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа.