sonin.mn

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Иргэний Зориг Ногоон Намын Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооны хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр / 2014.10.27 / сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, УИХ-дахь намын төлөөлөл идэвх санаачилгатай ажиллаж байгаа, Шинэчлэлийн засгийн газрын үндсэн чиг үүргийн яам болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг удирдаж, багагүй ажил амжуулж, цөөнгүй ажлыг санаачлан эхлүүлснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн 2012 оны 07-р сарын 19-ны өдөр Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон нам “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээн”-дээ тууштай байж, Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой ажиллахад улам их хувь нэмэр оруулж ажиллахаар болсон тухайгаа дуулгасан.

Мөн энэ үеэр Иргэний Зориг Ногоон Намаас улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд өгөх үнэлгээ дүгнэлт гаргасан талаар танилцуулав. Мэдээлэл хийсний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.