sonin.mn

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын сектор хамтран энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймаг, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нар, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд болон бусад салбарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

 Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Катерин Энгэлхардт энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн бөгөөд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бенес нар оролцов.

  Энэхүү зөвөлгөөнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Катерин Энгэлхардт “Хоол тэжээлээс хамааралт эмгэгийн давхар дарамт ба салбаруудын бодлогын зохицуулалт, үйлдвэрлэлийн оролцоо ба ашиг сонирхлын зөрчил” болон “Хоол тэжээлийн асуудал дахь өөрчлөлт, шилжилт ба давхар дарамт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Түүнчлэн ЭМЯ-ны НЭМХ-ийн мэргэжилтэн Д.Ганзориг “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал дахь өөрчлөлт, цаашдын чиг хандлага”, НҮБХС-ийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал “Эх хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах үйл ажиллагаан дахь дэлхий нийтийн чиг хандлага”, Дэлхийн Зөн ОУБ-ын эрүүл мэндийн үндэсний зохицуулагч Ц.Наранцэцэг “Хоол тэжээлийн чиглэлд хийж буй үйл ажиллагааны танилцуулга” илтгэлүүдийг тавив.

 Зөвлөгөөний хоёрдахь өдөр орон нутгийн оролцогсодтой хамтран хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалтай холбоотой бодлогын бичиг баримт, хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, хяналт үнэлгээний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн шинээр болон шинэчлэн боловсруулж буй “Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр”, “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги”-т санал авч, “Эх, нялхас, бага насны хүүхдийн хооллолт” стратеги, “Хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх, хянах” журам, “Гамшгийн үед хоол тэжээлээр авах арга хэмжээний удирдамж” зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа.