sonin.mn

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт бөөрний гемодиализын тасгийг энэ сарын эхээр шинээр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гемодиализын төвийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Хурцбаяр болон бусад албаны хүмүүс, үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Тус аймгаас 13 иргэн нийслэл хотын улсын болон хувийн эмнэлгүүдэд бөөр орлуулах аппаратад орж эмчилгээ хийлгэдэг байна. Тэдгээр хүмүүсийн нэг болох Сүхбаатар сумын 7-р багийн иргэн Т.Сүлдбаатарын санаачлагаар аймгийн Засаг дарга, Айвико компани, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр ийнхүү бөөрний гемодиализын тасгийг байгуулсан байна. Өвчтөнүүд нийслэл хотыг зорьж, цаг хугацаа, санхүүгийн эрсдэлд оролгүйгээр өөрийн аймагтаа эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон байна.

“Айвико” ХХК-аас Японы Nipro, NCU-18 маркийн 80 сая төгрөгийн өртөгтэй гемодиализын хоёр аппаратыг хандивласан бол усны аппаратыг ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлжээ. Тус тасаг одоогоор диализын эмч, сувилагч, техникч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Энэ онд бөөрний дутагдалтай 6 өвчтөнд эмчилгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид илүү олон өвчтөнд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.