sonin.mn

МОСКВА. /NHK/. Оросын тал баримтлагчдын хяналтад байгаа Украины зүүн нутгийн бүсүүдийн сонгуулийн дүнг манай улсын Засгийн газар хүлээн зөвшөөрнө гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдлээ.

Оросын тал баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд Украины Донецк болон Луганск мужид 11 дүгээр сарын 2-нд удирдагч нар болон парламентын гишүүдээ сонгохоор төлөвлөж байна.

Өрнөдийн талыг баримтлагч Ерөнхийлөгч Петр Порошенкогийн эвсэл хол давуу ялсан, өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийг тэд эсэргүүцсэн билээ.

“Украины зүүн нутгийн бүсүүдийн сонгуулийн дүнг ОХУ хүлээн зөвшөөрнө. Хэн ч энэ сонгуульд саад болохыг оролдохгүй гэж найдаж байна” гэж Лавров хэлжээ.

Мөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан байхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт хэлсэн юм.

Харин энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Украины Засгийн газар болон Өрнөдийн улсууд мэдэгдсэн.

Г.Доржханд

Эх сурвалж: