sonin.mn

Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны 91 жилийн ойг Туркийн ЭСЯ-наас энэ сарын 28-ны өдөр  Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүллээ.

Туркийн Элчин сайдын өргөөнд болсон энэхүү ёслолын ажиллагааг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нээж үг хэлэв. Тэрээр үгийнхээ эхэнд, “Монголчууд болон Туркууд нь хэл соёлын холбоотой, түүхээс дайсагналыг биш нөхөрлөлийг олж авсан дэлхийн түүхт эзэнт гүрнүүдийн өв залгамжлагч нар юм.

Хоёр орны найрамдалт харилцаа нь сайн ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх ёс зэрэг үнэт зүйлсийн хүрээнд өдрөөс өдөрт өргөжин тэлж буй бөгөөд өнөөдөр НҮБ, ЕАБХАБ-аас ШХАБ хүртэл өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.

Монгол Улс Турк Улсыг гадаад бодлогын үзэл баримтлалдаа “Гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон бөгөөд Турк Улс нь газарзүйн хувьд олон мянган километрийн зайтай боловч сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамгийн ойр орших Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хүн ардынх нь аз жаргал, амар амгаланд нь хувь нэмэр оруулсаар байгаа”-г тэмдэглээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдсан юм.

Мөн Элчин сайд Мурат Карагөз цааш өгүүлэхдээ, “Ирэх онд Турк Улсад, 2016 онд Монгол Улсад парламентын сонгуулиуд явагдана. 2016 онд Монгол Улс туйлын өндөр ач холбогдолтой АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулна.

Энэ хүрээнд Турк Улс Монгол Улстай ойр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа” гээд Монгол – Туркийн харилцаа нь соёлын баялаг өв, харилцан улс төрийн хүсэл зоригоор өдрөөс өдөрт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлсэн үгэндээ “1990-ээд оноос Монгол оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн улмаас Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд эрчимжин хөгжиж байгааг онцлоод манай орны хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн БНТУ-ын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна” гэв.

Тэрбээр цааш нь энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа монгол, туркийн ард түмний сайн сайхан тусын тулд бүхий л салбарт улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй явдагаа хэллээ.

Элчин сайд Мурат Карагөзөөс энэ үеэр сэтгэгдлийг нь сонирхоход тэрбээр “Миний хувьд энэ өдөр туйлын гайхамшигтай баяртай үйл явдал тохиож байна. Яагаад гэвэл Турк улс маань 91 насыг зооглож байна. Удахгүй хэдхэн жилийн дараа 100 настай болох гэж байна. Түрэгийн төрт улс Төв Азийн газар нутаг, одоогийн Монгол Улсын газар нутаг дээр байгуулагдаж байсан.

Тиймээс Монгол Улсад түүхэн энэ үйл явдлыг тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна” гэсэн юм. Үүний зэрэгцээ “Баяр тэмдэглэнэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ Туркийн нийгэм-эдийн засаг голлох үзүүлэлтээс энэ өдөр дурдвал баяр тэмдэглэж байгаагийн нэг ач холбогдол илүү томруун харагдах болов уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Элчин сайд “Турк Улс маань 1923 онд байгуулагдсан.

Бид 1933 онд “Арван жилийн марш” хэмээх дуундаа бид нар 10 жилийн дотор 10 сая залуучуудыг төрүүллээ гэж дуулдаг байсан. 1920-иод оны эхэнд 14–хөн сая хүн амтай байсан Турк улс өнөөдөр 77 сая хүн амтай өнөр өтгөн айл өрх болжээ. Үүнээс гадна бид бүхэн Европод зургаад, дэлхийд 16 жагсах эдийн засгийн үзүүлэлттэй болоод байна. Дээрээс нь бид НҮБ-ыг анхлан үүсгэн байгуулж байсан орнуудын нэг.

Үүнээс гадна НАТО-гийн гишүүн орон. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай яриа хэлэлцээрийн хамтрагч орон. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. Дээрээс нь нэг хүнд ногдох ДНБ нь 11 мянган ам.долларт хүрсэн байгаа. Үүгээр бид маш их бахархдаг” гэсэн хариултыг өглөө.

Тус ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Анкарагийн төлөөлөгчид болон бусад орны Элчин сайд нар, консулын газрынхан, нийгэм-соёлын төлөөлөгчид байлцав.