sonin.mn

Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал тун базаахгүй байгааг Олон улсын санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банкны Монгол дахь төлөө­лөгчийн газраас анхааруулсаар байгаа.

Нэгэн үе 17 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт энэ оны эцэст зур­гаан хувь хуртэл буурах нь тодорхой болж, төс­вийн орлого бүрдүүлэлт одоогийн байдлаар 200 гаруй тэрбумаар тасарч яваа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрхон жилийн өмнөхөөс 50 хувь буурч, Монгол Улсын гадаад өр 19.4 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний 102 хувьтай тэнцээд байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс өдөр болгон шаардан, сануулсаар л байгаа.

Энэ бүхэнд гол буруутнаар шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тод­руулж МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр АН-ын Ж.Батзандан, “Шударга ёс” эвслийн Л.Цог нар огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж УИХ-ын даргад өргөн барьснаас хойш 14 хоног болох гэж байна.

Гэтэл эх орондоо “Хөдөө айл хэсч ааруул идэхээр ирсэн” МАХН-ын дарга Н.Энхбаяртай хууль бус гэрээ байгуулсан хэргээр Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын гишүүд намын даргынхаа эсрэг бослого гаргах нь холгүй түрхрэлдэж эхлээд хэд хонож буй. Ёстой л байж болох бүх л базаахгүй “Хувьсгалын тохироо” Н.Алтанхуяг сайд дээр овоорчихоод байна.

Байдал ийм л эгзэгтэй, эвгүй байгаа үед өчигдөр үдээс хойш төрийн гурван өндөрлөг яаралтай уулзсан мэдээ өвсөнд ассан түймэр шиг л гэнэтхэн дэгдэв. Улаанбаатарчууд төрөлх нийслэлийнхээ 375 жи­лийн ойг тэмдэглэн баярлацгааж байх хойгуур төрийн гурван өндөрлөг уулзаж улс орны өмнө тулгараад байгаа өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан бололтой.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн гурван өндөрлөгийн уул­залтаар ерөнхий сайдын асуудлыг нухацтай хэлэлц­сэн байж магадгүй байна. Учир нь УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “Маргааш өглөө намын бүлэг хуралдаж, Н.Алтанхуяг мэдэгдэл хийх болсон тухай зар ирлээ” хэмээн жиргэжээ. Ерөнхий сайд өөрийн саналаар огцрох хүсэлтээ тавьж, төрийн ажлыг гацаанаас гаргах болсон талаар зарим эх сурвалж ч хэлж байгаа юм.

Хэрвээ төрийн гурван өндөрлөгийн уузалтаар Ерөнхий сайд үүрэгт аж­лаасаа сайн дураар татгалзах талаар ярилцаж, түүнийг нь Н.Алтанхуяг сайд хүлээн зөвшөөрсөн бол өнөөдөр жинхэнэ халуухан мэдэгдэл хийж таарна. Асуудал хэрхэн өрнөхийг хүлээх, харах л үлдэж байна. Хэрвээ энэ асуудал батлагдвал жинхэнэ халуухан улстөр шинээр эхлэх нь тодорхой болно.

Д.Түвшин

Эх сурвалж: